Халдвартай иргэн Сэргэлэн сумын дөрвөн малчинтай уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-04 12:42:34

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвартай нь тогтоогдсон Өмнөговь аймгийн харьяат иргэн А Сэргэлэн сумын дөрвөн малчинтай уулзсаныг одоогоор тогтоогоод байна. Дээрх малчдаас PCR шинжилгээ авч, гэрийн тусгаарлалтад ажиглаж, сумын хэмжээнд дөрвөн пост, хоёр хөдөлгөөнт эргүүл гаргажээ.

Өмнөговь аймгийн иргэн А постгүй газраар буюу хулгайн замаар Дорнод аймгийн Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумын нутгаар яваад буцах замдаа хяналтынханд баригдаж албадан тусгаарлагдсан юм. Иргэн А-тай хамт нэг хүн явж байсан бөгөөд тэднээс PCR шинжилгээ авахад, хариу нь өчигдөр 16.30 цагийн үед эерэг гарсан. Тэр даруй Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумыг эрсдэлийн улаан, аймгийн төв, бусад сумыг шар түвшинд шилжүүлээд байна. Дорнод аймгийн нутагт нэвтэрснээс хойших иргэн А-гийн явсан зам маршрутыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна гэлээ.

Гуравдугаар сарын 27-ноос хойш Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо сумаас аймгийн төвд орж ирсэн иргэдийг аймгийн Шуурхай штабын Эрүүл мэндийн албаны 7058-3366 дугаарын утсаар холбогдохыг зөвлөж байна. 


Related news