Иргэдийн амьтан тэжээх сонирхол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-11 13:22:33

Дорнод /МОНЦАМЭ/. Иргэдийн амьтан тэжээх сонирхол нэмэгджээ. Хүмүүс муур, нохой голчлон тэжээхээс гадна Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг амьтны эмнэлэгт туулай, яст мэлхий, усан гахай, зараа зэрэг амьтдаа арчилж тордуулахаар иргэд хандах болсон байна.

Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр амьтан тэжээж эхэлдэг ч хэрхэн арчилж тордохоо сайн мэддэггүйгээс өвчлөх, үхэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Нэн ялангуяа муур эрдэс бодисын дутагдалд орох буюу рахит, нохой гударга, паравирусээс голчлон өвчилж байна. 

Улсын хэмжээнд жижиг амьтны 11 эмнэлэг байгаагийн нэг нь Дорнодод үйл ажиллагаа явуулдаг. Тус эмнэлэг таван жилийн өмнө үүдээ нээж, тогтвортой ажилласан ч орон сууцанд байрлахыг хориглосноор хагас жил гаруй хугацаанд ажил нь зогсчээ. Энэ хугацаанд иргэдийн гэрийн тэжээвэр амьтад өвчилж, хаана хандахаа мэдэхгүй хэцүүдсэн учир өнгөрсөн сараас тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр жижиг амьтад эмчилгээ хийлгэх, вакцинд хамрагдах боломж бүрдээд байна.

Цаашид тус аймагт стандартад нийцсэн амьтны эмнэлэг барих шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч хэлэв. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, нягт холбоотой ажиллаж байгаа ажээ. 





Related news