Дорнод аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол дөрөв боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-12 17:50:50

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Ерөнхий тархвар судлаач эмч Б.Ганганцэцэгээс коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Дорнод аймгийн хувьд халдварын тохиолдол дөрөв боллоо. Каластр халдваруудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн 24 цагийн байдлаар нэг тохиолдол нэмэгдэж, нийт дөрөв болоод байна. Энэхүү үүсээд буй нөхцөл байдал гурван каластраас үүдэлтэй. Дөрөвдүгээр сарын тавны өдрөөс хойш манай аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэн. Эхний тохиолдол зөөвөрлөгдөн ирж, тусгаарлах байранд өрөөндөө ганцаараа байсан хүнээс илэрсэн. Түүний ойрын болон дам хавьтлууд давтан шинжилгээгээр бүгд сөрөг гарсан. Энэ каластраас халдвар тархаагүй гэж үзэж болно. Хоёр дахь болон гурав дахь тохиолдол 12-р байранд гэртээ тусгаарлагдаж байсан иргэн, мөн түүнтэй хамт амьдарч байсан нэг хүнээс илэрсэн. Дөрөв дэх тохиолдол Хөлөнбуйр суманд хулгайн замаар зорчиж орж ирсэн, Хэнтий аймагт батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон иргэн байгаа. Ингээд нийт өнөөдрийн байдлаар Дорнод аймагт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. 

-Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлаас хэдэн удаа шинжилгээ авах, мөн тэднийг хэрхэн тусгаарлах вэ?

-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас тусгаарлалтын хугацаанд гурван удаа, дам хавьтлаас хоёр удаа шинжилгээ авч байгаа. Ойрын хавьтлыг сөрөг гарсан ч үргэлжлүүлэн зочид буудалд тусгаарлана. Харин дам хавьтлаас тусгаарлалтын хугацаанд хоёр удаа давтан шинжилгээ авахад сөрөг гарвал халдваргүй гэж үзнэ. Одоогийн байдлаар ойрын хавьтлын  71 хүнийг бууудал болон гэрт нь, дам хавьтлын 247 иргэнийг тусгаарлан ажиглах байр болон гэрт нь тусгаарлаж байгаа.

-Хөлөнбуйр суманд халдвар илэрсэнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч байна вэ?

-Үүнд аймгийн төвөөс шуурхай бүлэг ажиллаж, ойрын хавьтлын 24 иргэнийг тусгаарлан, дам хавьтлыг судалж байна. Түүнчлэн дээр дурдсан 12-р байрны батлагдсан тохиолдолтой нэг орцонд оршин суугчдын хоёр удаагийн давтан шинжилгээ сөрөг гарсан.

-Тэгвэл 12-р байрны хоёрдугаар орцонд хяналт тавьж байгаа Цагдаагийн хамгаалалтыг буулгана гэж ойлгож болох уу?

-Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ. 

-Халдвар гарахын өмнөхөн хичээл сургуульдаа явна гээд сумдаас аймгийн төвд ирсэн, буцах хүсэлтэй иргэд нэлээд байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Аймгийн төвөөс сумд руу гарч байгаа иргэдийн хувьд PCR шинжилгээ өгөхгүй. Харин гарч байгаа постдоо эрүүл мэндийн асуумж бөглөөд нэвтэрнэ. Сумандаа очоод долоо хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Аймгийн төв буюу Хэрлэн сум энэ сарын 14-ний өдрийг хүртэл шар түвшинд шилжсэн. Шуурхай штаб, Онцгой комиссын шийдвэрээр энэ түвшин өөрчлөгдөнө. Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд сум хооронд болон хот хооронд нэвтрэхийг хүсэлтээр зөвшөөрч байгаа.

-Нөхцөл байдал аажмаар хүндэрсээр байна. Халдвартай бүсээс ирж байгаа иргэдийг гэрт нь тусгаарлах зохицуулалт цаашид хэвээр үргэлжлэх үү?

-Халдвартай бүсээс ирж байгаа иргэдийг зочид буудалд тусгаарлаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар аймгийн төвд гурван зочид буудал, хоёр дэн буудлыг чөлөөлж, тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд, дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар Улаанбаатар болон бусад голомттой бүс нутгаас 39 иргэн ирсэн. Гэрийн тусгаарлалтад 298 хүн байна. Шуурхай штаб өдөрт гурван удаа хуралдаж, Онцгой комисс, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн албанаас өдөр бүрийн 11.30 цагт цаг үеийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэх учраас ард иргэдийг албаны бус мэдээлэлд автахгүй байхыг анхааруулъя. 

-Баярлалаа. 


Related news