Хэнтий аймагт коронавирусний халдварын тархалт 180-д хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-06-08 18:02:06
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймагт өнөөдөр шинээр 23 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 180-д хүрлээ.
Тус аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр өчигдөр өгсөн мэдээлэлдээ Хэнтий аймагт нийт 9 голомт байгааг хэллээ. Тухайлбал: Банк, Эвт худалдааны төв, Авто засвар, 1-р сургууль, Тэмүүжин цогцолбор сургууль, ЭМБ, Мөрөн эко амралт зэрэг голомтууд байна гэв. Нийт халдварын тоо 155 болсон. Үүнээс эдгэсэн 88, эмчлүүлж байгаа 48 хүн байна.
Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 32, Сүрьеэгийн тасагт 16 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдээс бүрэн тунд хамрагдсан 20 гаруй иргэн, эхний тунд хамрагдсан 9, вакцин хийлгээгүй 7-8 иргэн өвджээ. Гэхдээ биеийн байдал сайн, ялангуяа вакцин хийлгэсэн иргэд хөнгөн тусаж байгаа гэлээ.
Маргаашаас эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр Файзер вакциныг зорилтот иргэдэд хийж эхэлнэ. Тухайлбал жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хийхээр болжээ. Чингис хотоос гадна Бор-өндөр, Дадал, Мөрөн, Батноров, Цэнхэрмандал, Бэрх сумдад халдвар бүртгэгдсэн байна. Бор-Өндөр сумаас бусад сумын иргэдийг Чингис хот руу татан авч хэвтүүлжээ. Мөн Чингис хотын 1,2,3,4,5,6-р багт халдвар гарсан. Иймээс иргэд өөрсдийгөө хамгаалах шаардлагатай байна. Ялангуяа гэр бүлээрээ халдвар авах, хүүхдүүд халдвар авах нь ихэссэн гэлээ. Өнөөдрийн байдлаар 400 гаруй иргэн хавьтагч болж гэрийн ажиглалтад байгаа юм.
Related news