Гэмт хэргийн улмаас 83 иргэн хохирч, 39 хүн гэмтжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-18 14:27:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр тус аймагт энэ оны тавдугаар сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 598 гомдол мэдээлэл ирж, шалгагдсан ба нийт 88 гэмт хэрэг бүртгэгджээ.

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12-оор буурсан бол энэ оны 4 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад 6-аар өссөн дүнтэй байна.

Гэмт хэргийн улмаас 83 иргэн хохирч, 39 хүн гэмтсэн ба нийт нийт 73 хүн холбогдон шалгагджээ.

Хэдийгээр гэмт хэргийн гаралт буурсан ч гэсэн өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэгт холбогдогчийн тоо 11,0 хувиар өссөн аж. Тэдгээрийн 9,5 хувь нь эмэгтэй,  49.3 хувь нь малчин, 31,5 хувь нь ажилгүй иргэд байна.

Нийт гэмт хэргийн 30,7 хувийг согтуугаар, 11,6 хувийг бүлэглэн үйлдсэн, 3,4 хувийг гэр бүлийн хүчирхийлэл, 3,4 хувийг хүүхэд оролцсон гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Гэмт хэргийн илрүүлэлт тус аймагт 59,4 хувьтай байгаа ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Харин энэ сард 4550 зөрчил шалгагдаж, 4528 зөрчлийг шийдвэрлэн, зөрчил гаргасан 4399 иргэнийг 160.6 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 95 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 31 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулжээ.

Тавдугаар сард 71 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 111 хүнээр буюу 60,9 хувиар буурсан байна.

Related news