А.Ишдорж: Аймгийн 90 жилээр 118 мянга дахь иргэнээ тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-21 18:05:17

- Аймгийн Засаг даргын захирамжаар түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, салбар хороодыг байгуулсан. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг Түйн голын Цагаан эрэгт 31 сумыг нэгтгэн байгуулагдаж байсан түүхтэй. 

Энэ жил Ардын Хувьсгалын 100, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой давхацсан онцлог жил. Мөн найман сумын 90 жил, хэд хэдэн байгууллагын тэгш ой тохиож байгаа. 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцэж, уг ажлыг зохион байгуулах салбар хороодыг 4 чиглэлд байгуулан тус тусын үүргийн дагуу ажиллаж байна. 

- Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын халдвараас шалтгаалж баяр наадмын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Аймгийнхаа түүхэн ойг ч мөн адил тэмдэглэхгүй өнгөрүүлнэ гэж ойлгож болох уу?

-  “Ковид-19” цар тахлын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор үндэсний баяр наадам болон түүхт ойгоо тэмдэглэх эсэхэд бүх нийтээрээ анхаарал хандуулж, ярьж хэлэлцэж байна.

Үндэсний баяр наадмын тухай хууль гэж бий. Жил бүрийн долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Харин аймаг байгуулагдсаны ой бол “Бүх нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар зохицуулагдана. 

Аймгийн Онцгой комисс 6 дугаар сарын 28-ны өдөр хуралдаад Ардын Хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг аймаг, сумын хэмжээнд тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Харин аймгийн 90 жилийн ой бол бүтэн жилийн турш үргэлжлэх арга хэмжээ юм. Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсан 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл ойгоо угтсан ажлууд хийгдээд явж байна. 

Гэхдээ бөх барилдах, морь уралдах үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэдгийг  албан ёсоор хэлье. Бид баяр наадамд төсөвлөсөн байсан зардлыг ковидтой тэмцэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг урамшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах зэрэгт зарцуулахаар шийдвэрлэсэн. 

- Ойн хүрээнд хийгдэх онцлог ажлуудаас дурдвал?

- Өвөрхангай аймгийн түүх бол өнгөрөгч 90 жилийн хугацаанд энэ нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа хүн бүрийн түүх төдийгүй аймагтаа анх тулгын чулуугаа тулсан сум, байгууллага бүрийн түүх юм.  Аймгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, бүтээж ирсэн ололт амжилт, алдаа оноо бүр өөрийн гэсэн түүхэн замналтай байдаг.  Үүнийг сэргээн тэмдэглэх, үр хойчдоо баринтаглаж үлдээх нь хамгийн чухал учраас хоёр төрлийн номыг гаргахаар бэлтгэж эхлээд байна. Мөн аймгийнхаа түүхэн замналыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийнэ. 

Мөн салбар, салбартаа амжилт гарган ажилласан тэргүүний манлайлагч хүмүүсээ шагнаж урамшуулж, хөдөлмөр, гавьяа зүтгэлийг нь үнэлнэ. 

Ойн хүрээнд аймгийнхаа өнгө зүсийг сайжруулах, тохижуулах ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлыг хийхээр төлөвлөж, зарим томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн, мөн удахгүй ашиглалтад орох бүтээн байгуулалтууд ч бий.

Өвөрхангай аймагтай холбоотой эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулж, түүхэндээ гаргасан ололт амжилт, цаашид анхаарах асуудлаа хэлэлцэн дүгнэнэ.

90 залуу гэр бүлд гэр олголоо. Ямар шалгуураар сонгосон бол?

-  90 жилийнхээ ойгоор 180 өрхөд өргөө цагаан гэр олгох зорилт тавьсан. Эхний ээлжинд залуу гэр бүлийг дэмжих үүднээс ам бүл олуул, өрх тусгаарлаж амжаагүй аав ээж, хадмындаа амьдардаг 90 гэр бүлийг 19 сумаас  сонгон таван ханатай иж бүрэн гэр гардууллаа. Цаашид өрхийн орлого тааруу, амжргааны түвшин доогуур зорилтот бүлгийн 90 хүнд гэр олгохоор төлөвлөж байна. 

-  Өнгөрөгч хоёрдугаар сард Өвөрхангай аймгийн “Хүндэтгэлийн өдөр”-өөр “Миний Өвөрхангай” цахим хичээлийг та анх удаа заасан. Энэ сэдвийг сургалтын хөтөлбөрт оруулна гэж ярьж байсан шүү дээ?

-  Аймгийнхаа түүхэн хөгжил, өв соёл, үзэсгэлэнт байгаль, бахархалт хүмүүсийг ирээдүй хойч үе, хүүхэд багачууддаа сурталчлан таниулах, мэдлэгийг нэмэх үүднээс “Миний Өвөрхангай” хичээлийг цахимаар заасан. Аймгийн БСУГ-аас энэ сэдвээр сургалтын ном боловсруулж, дуусах шатандаа орж байгаа. Ирэх хичээлийн жилээс “Миний Өвөрхангай” хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулан зааж эхэлнэ. Нутаг орноороо бахархах, хайрлан хамгаалах, нутгийнхаа нэрийг гаргасан алдар цуутай хүн болох үзлийг хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилгоор энэ хичээлийг боловсруулж байгаа юм. 

-  “118 мянга дахь иргэнээ тодруулна” хэмээн төлөвлөгөөнд тусгагдсан байна. Хэзээ тодруулах бол?

- За тийм, 118 мянга дахь иргэнээ тодруулахаар аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний статистикт тулгуурлан илүү нарийвчлалтай аргаар баталгаажуулдаг. Удахгүй 118 мянга дахь иргэнээ зарлана. 

Энэ дашрамд “Өвөрхангай” гэх эрхэм нэрээр овоглож явдаг, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа уугуул, суугуул нийт иргэддээ ойн баярын мэнд хүргэж, аз жаргал баяр хөөр, эрүүл энхийг хүсэн ерөөе.  “Эрүүл байхад ирэх жилийн наадам үзнэ” гэдэг дээ. Бүх нийтээрээ эрүүл саруул байж, ирэх жилд Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоор өргөн дэлгэр тэмдэглэнэ гэж итгэж байна.

-  Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

Related news