Банкуудад 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 11:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 3 дугаар улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулж, нийт 325 тэрбум төгрөгийн репо арилжааг зарлав.


Төв банкнаас хоёрдугаар улирлын үлдэгдэл 75 тэрбум төгрөгийн санхүүжилт дээр 3 дугаар улиралд 250 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийг нэмжээ. Репо арилжаанд 3 банкнаас нийт 140 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк биелүүллээ.


Уг санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний, жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.


Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банканд хандаж авна.


Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авах боломжтой. 

Related news