Үерт урссан 12 настай хүүхдийн эрлийг өнөө өглөө дахин эхлүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-07-28 12:34:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газарт өчигдөр 18.20 цагт 12 настай, эмэгтэй хүүхэд мал хариулж яваад үерийн усанд урссан дуудлага иржээ. Тодруулбал, Увс аймгийн Тариалан сум орчим өчигдөр 15.00 цагийн үед усархаг, ширүүн бороо орж 18 мм тунадас буусны улмаас бага насны нэг хүүхэд мал хариулж явахдаа үерийн усанд урсажээ. Аймгийн Онцгой байдлын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эрлийг өнөөдөр өглөө дахин эхлүүлээд байна.



Мөн өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд усархаг бороо орж бага насны 2 хүүхэд, 1 том хүн, 6 гэр, 7 байшин, хашаа үерт автсан байна. Аймгийн Онцгой байдлын алба хаагчид 7 настай эмэгтэй, 3 настай эмэгтэй нарыг үерийн усанд автсан гэрээс нь гаргаж аавд нь хүлээлгэн өгсөн байна. Харин 75 настай эмэгтэйг аюулгүй газарт гаргаж, 152 ам метр үерийн усыг соруулж авчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаар 5 иргэн амиа алдаж, 2 айлын гэр, 1 автомашин үерт урсажээ. Үерт урсаж 20 настай эмэгтэй Ж, 58 настай эмэгтэй Х, 62 настай эрэгтэй С, 7 настай эмэгтэй Ш нар амь насаа алдсаныг Онцгой байдлын алба хаагчид олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ.




Ирэх өдрүүдэд говийн бүс нутгаар усархаг, түр зуурын аадар бороо орох тул нутгийн иргэд, малчид үер уснаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Говийн бүс нутагт зусаж байгаа малчид уруйн үерээс сэрэмжлэх нь чухал байгааг мөн сануулж байна. Өмнөговь аймгийх нутгаар сүүлийн өдрүүдэд усархаг, аадар борооны улмаас аймгийн төв, зарим сум үерт автаад байна. 

Р.Батхишиг


Related news