Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагад хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 16:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар авсан хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагад өнөөдөр гардуулав. 


Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгчээ. 


Хог тээврийн автомашины парк шинэчлэхэд эдгээр машиныг авах шийдвэр гаргасан ч төсвийн хүндрэл, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж он дамжин нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна өнгөрсөн онд хог тээврийн 10 автомашиныг дүүргүүдэд хуваарилжээ. 


Нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд одоогоор 240 машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдэрч гэмтэх нь олширчээ. 


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэн цуглуулахад тусгай зориулалтын машины хүрэлцээ, хангамж муу. Хотын төсвөөс 163 машиныг 2012 онд дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш паркаа шинэчлээгүй. Үүнээс улбаатай гэр хороолол, орон сууц, зуслангийн чиглэлд үүссэн хогийг дор бүр нь авч чадахгүй болсон. Хот нийтийн урсгал зардлын хэмнэлт, хувийн хэвшлийн хог тээврийн байгууллагыг оролцуулан, хүндрэлтэй байгаа дүүргийн хогийг шуурхай тээвэрлэж байгаа. Цар тахалтай холбоотой зуслангийн бүсэд айл олноор бууснаар хогны хэмжээ нэмэгдсэн. Манайхаас 200 сая гаруй төгрөгийн эх үүсвэр олж, зуслангийн бүсэд хувийн хэвшлийн 3 компанийн хог тээврийн 9 машин гаргаж, хог ачих давтамжийг нэмсэн” гэлээ.


НЗДТГ-аас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан, иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ. Паркаа жил бүр шинэчилснээр 2024 он гэхэд дүүргүүдийг хог тээврийн автомашинаар бүрэн хангах зорилготойг албаныхан дурдлаа. 

Related news