Аялал жуулчлалын салбарын гарц шийдлийг ярилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-27 11:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр Монголын Аялал жуулчлалын холбооноос “Гарц шийдэл аялал жуулчлал” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн үеэр салбарын үйл ажиллагаа цар тахлын үед хэрхэн өрнөж, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, цаашдаа нөхцөл байдалд дасан зохицож бизнесээ үргэлжлүүлэх, юуг анхаарах, төр засгаас шийдэл гаргахад биднээс шалтгаалах, нөлөөлөх хүчин зүйлс юу байгааг ярилцаж байна. Тухайлбал, цар тахлын дараа Монголд ирэх жуулчид ямар шаардлага тавих, гадаад сурталчилгааг хэрхэн хийх, аялал жуулчлалын үйлчилгээний үнийн бодлого, хоол хүнсний үйлчилгээнд монголын үйлчилгээний салбарынхан бэлэн эсэх, дотоодын аялал жуулчлалын үйлчилгээнд тулгарсан бэрхшээл, хямралын үеийн боломжийг зөв ашиглах, дижитал аялал жуулчлал, соёл урлагийн байгууллагатай хамтран ажиллах чиг хандлага сэдвээр оролцогчид илтгэл тавьж байв.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд дэвшүүлжээ. Мэндчилгээнд, “Аялал жуулчлалын салбарыг сэргээх, хэвийн байдалд оруулахад олон асуудлаас сургамж авч, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгийн оролцоог хангасан, соёлын өвийн хамгааллыг бэхжүүлсэн, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн “Тогтвортой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх нь зүйтэй юм.


Байгалийн унаган төрхөө хадгалсан уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй нь жуулчдыг татах брэнд, маркетинг болох давуу тал юм. Жуулчдын урсгал сэргэх хүртэл дотооддоо үйлчилгээний чанар, стандартаа сайжруулж,  олон улсын стандартыг нутагшуулах, хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийг хөгжүүлэхийг цогцоор хэрэгжүүлэх шаардлага бий.


Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, олон улсын нислэгийн суудал, чиглэл, давтамжийг нэмэх, Увс, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгон өргөжүүлэхийг ЗТХЯ, авиа компани хамтран шат дараатай хэрэгжүүлнэ.



БОАЖЯ, ГХЯ, Соёлын яам хамтран Монгол Улсыг сурталчлахаар ажиллаж байна. Манай орны унаган байгаль, нүүдэлчин ахуй соёл, уламжлал, түүхийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд таниулах сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх нь цаг алдалгүй хэрэгжүүлэх ажлын нэг билээ. Цар тахлын дараа жуулчдын урсгалыг сэргээж, олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмж, эхний ээлжид хагас сая жуулчин авахыг зорьж, төр, хувийн хэвшлийн түншлэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолъё" гэжээ.


Дээрх хэлэлцүүлгийн дараа салбарын бодит дүр төрх, оролцоо, ач холбогдол, хүртээмжтэй байх арга замыг тодорхойлж гарц, шийдлийг төр засгийн бүх шатны байгууллагад, мөн илтгэгч, оролцогчоос гаргасан гарц шийдлийг нэгтгэн, БОАЖЯ-нд бичгээр хүргэх аж.

Related news