Иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-09-27 13:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өглөө.


Тодруулбал,

-Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

-Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.

-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан  сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах.

-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.

-Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулах.

-Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах зэрэг үүргийг өглөө.

 

Related news