"НҮБ-ын долоо хоног" аян 2500 мод тарьснаар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 15:23:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан "НҮБ-ын долоо хоног" аяныг энэ сарын 20-27-нд ГХЯ-наас зохион байгуулахаар төлөвлөсөн. Тус аян өнөөдөр Баянзүрх ууланд нэг га талбайд 2500 гаруй мод тарьснаар эхэллээ. 



Улаанбаатар хотоос 15 км-ийн зайд орших Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх энэхүү ажилд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцов. Тэд Монгол орны төдийгүй, дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудалтай хамтран тэмцэх үйлсэд хувь нэмэр болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.



Баянзүрх хайрханы доройтсон ойг нөхөн сэргээх,  мод тарих ажиллагаанд ЕТГ, ГХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол дахь НҮБ-ын албан хаагчид оролцов.


Ташрамд дурдахад, НҮБ нь 1945 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан. Тус байгууллага нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллага юм. 



Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлийг 1946 оноос хойш таван удаа тавьсан бөгөөд 1961 оны 10 дугаар сарын 27-нд 101 дэх гишүүнээр элссэн юм. Тус байгууллагад бүрэн эрхт гишүүн болсноор, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэлхийн тавцанд баталсан онцгой үйл явдал болсон юм.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд "Мянганы хөгжлийн зорилт"-ын залгамж болгон "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийг тунхаглан баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэхээр, Монгол Улс өөрийн улсын онцлогт тохируулан институцийн шаталсан бүтэц байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулан ажиллаж байгаа юм.


"НҮБ-ын долоо хоног" аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлууд: 


  • Энэ сарын 21-ний 10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Элчин сайдаар олон жил ажилласан академич Ц.Батбаярын "Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: эхлэл, өрнөл, төгсгөл" номын нээлт болно.
  • 21-ний 15.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн болно. 
  • 22, 23-нд МУИС-ийн нэгдүгээр байранд Хүүхэд, багачуудад зориулсан "UN модуль" ёслолд 16 улсын нийт 81 ахлах ангийн сурагч оролцоно.
  • 24-ний 19.20 цагт МҮОНРТ-ээр "Алтан аргамж" тусгай нэвтрүүлгийн эхний дугаарыг хүргэнэ. Үүнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сайд асан Ц.Гомбосүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Байнгын төлөөлөгч В.Энхболд, Ц.Батбаяр нар НҮБ-д Монгол Улс элссэний ач холбогдол, хүндрэл бэрхшээл, одоогийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэнэ. 
  • 25-ны 09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Монгол Улс, НҮБ-ын 60 жил: Өнгөрсөн түүх буюу хэтийн төлөв" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. 
  • 26-ны 10.00 цагт ГХЯ-ны Номин танхимд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркны нээлт болно. 
  • 26-ны 15.00 цагт ГХЯ-ны 101 тоот танхимд "Монгол Улс ба НҮБ" гар зураг, зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно. 
  • 27-ны 20.30 цагт МҮОНРТ-ээр "Дэлхийн Монгол" баримтат нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр бэлтгэжээ.
Related news