“Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслөөр дамжуулан залуучууд, ИНБ-уудыг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-21 15:05:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Элчин сайдын яам, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Германы  хамтын ажиллагаа, Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн Европын баг болон олон улсын хөгжлийн баг нь Сэлэнгэ аймагт ажиллаж, орон нутгийн оролцогч талууд болон Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. 


Энэхүү айлчлалын хүрээнд Европын Холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн дор байгуулагдсан Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээний төлөөллүүдтэй уулзсан юм. Тус уулзалтаар Сэлэнгэ аймгийн иргэний нийгмийн байгууллагын залуучуудын төлөөллүүд төслийн хүрээнд олж авсан мэдлэг туршлага, ололт амжилтаа танилцуулж, мөн тэдэнд тулгамддаг асуудлаа хөндсөн юм. 


“Залуу хүмүүст орон нутагт шинээр бизнес эрхлэхэд ээлгүй байдаг. Старт апп бизнес эрхлээд тогтворжих хүртэл олон сорилтыг даван туулдаг. Залуу хүмүүс өөрсдөдөө ажлын байр бий болгож, улмаар бусад хүмүүсийг ажлын байраар хангаж, орон нутагт шинэ соёл хандлагыг бий болгох үйл явцыг төрийн зүгээс бодлогоор дэмжмээр санагддаг. Энэ нь дэд бүтцийн асуудлыг шийдэх, бүтээгдэхүүн үйлчилгээнд нь төрөөс хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаасай гэж хүсэж байна” хэмээн Сэлэнгэ аймаг дахь Эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа ТББ-ын төлөөлөл, энтрепрейнер Н.Гантуяа хуваалцсан юм. 


“Төр, Хувийн хэвшил болон Иргэний нийгмийн байгууллагуудын хооронд илүү түншлэл, хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Залуучуудыг сул дорой, эсвэл нийгмийн халамж хүртэгч бус, харин хөгжлийг хурдасгагч хүч гэж харах хэрэгтэй” хэмээн Сэлэнгэ аймаг дахь Цагаан нуур сум, ИНБ-ын төлөөлөл Э.Саранчимэг онцолсон юм.  


Хэлэлцүүлгийн үеэр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд хийгдсэн хэд хэдэн ололт амжилтын талаар ярилцсан юм. Тухайлбал чадавхи бэхжүүлэх сургалтуудын үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд хүчирхэгжин чадавхижсан байна. Мөн төслийн хүрээнд байгуулагдсан ИНБ-уудын сүлжээн дэх ИНБ-уудын хамтын ажиллагаа илүү бэхэжсэн юм. Төслийн хүрээнд тус сүлжээ нь залуучуудын оролцооны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн “Залууст боломж” хөтөлбөрт үнэлгээ хийж, холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллахаар болоод байна. Сэлэнгэ аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон утга учиртай оролцоог сайжруулах зорилгоор төрийн байгууллага ба иргэний нийгмийн хамтын ажиллагаа эрчимжих эхлэл тавигдлаа.  


“Залуучууд урьд урьдынхаасаа илүү өөр хоорондоо холбоотой болж, дижитал эдийн засаг нь бизнес эрхлэх болоод түүний төлөвлөлтөд гол үүргийг гүйцэтгэж байна. Бидэнтэй үзэл бодлоо шударгаар хуваалцсан та бүхэнд баярлалаа. Та бүгд надад маш их урам зоригийг өгч байна. Та бүхний дуу хоолойг сонслоо, бид үргэлжлүүлэн залуучуудыг дэмжин хүчирхэгжүүлж, ойр ажиллах болно” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никейз хэллээ. 


Төслийн тухай: Европын Холбоо болон бусад санхүүжүүлэгч байгууллагын дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл нь 2020 оны 1-р сараас хойш залуучуудын ИНБ болон залуучуудыг чадавхжуулан  ажиллаж байна. Энэхүү төслийг Каритас Чех Репаблик Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төв хамтран амжилттайгаар хэрэгжүүлж байна.


Related news