ТББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-28 07:28:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2021.10.27)  хуралдаан 14 цаг 27 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Ажлын хэсэг байгуулав

    Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ажлын хэсгийг ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарыг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг Ж.Мөнхбат дарга танилцуулж, санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 54.6 хувь нь дэмжснээр ажлын хэсгийг дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Б.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар ажиллаж байгаа юм.


    Ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгээс гаргасан саналуудыг томьёолон, зарчмын зөрүүтэй 10 саналыг бэлтгэжээ.  Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүн Б.Ганболд хуулийн төсөлтэй холбоотой хэд хэдэн санал танилцуулсан бөгөөд дэд ажлын хэсэг тухайн саналуудаар холбогдох зарчмын зөрүүтэй санал боловсруулж, ажлын хэсэгт танилцуулахаар ажиллаж байгааг танилцуулгадаа Ж.Сүхбаатар гишүүн дурдлаа. Ажлын хэсэг төслийн зүйл, заалт бүрийг нарийвчлан судалсан бөгөөд хэд хэдэн асуудалд анхаарал хандуулан ажилласан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим, хяналт шалгалтын хүрээ, хязгаар, үр дүн, хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх, сонсох асуудлууд, төсвийн хяналтын сонсгол, нэр дэвшигчийн сонсголын зохицуулалтууд холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй эсэхийг чухалчлан үзсэн байна. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны үйл ажиллагаатай хэрхэн уялдах, давхцал үүсэх, эсэх асуудлаар, хянан шалгах Түр хорооны асуудлууд, Улсын Их Хурлын хяналт шалгалтад зориудаар саад учруулсан худал мэдээлснээс үүдэх хариуцлагын асуудлуудад ажлын хэсэг төвлөрч, анхаарал хандуулжээ. Үүний зэрэгцээ өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 27-ны өдөр төрийн бус байгууллагуудаас хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг ирүүлээд байгаа гэв.

    Хуулийн төслийн зохицуулалт нь Улсын Их Хурлын гишүүн нэг бүрд хамааралтай, баталсан хууль тогтоомж бүрийнхээ биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бий болгох, Улсын Их Хурлыг парламентын хөгжлийн дараагийн шатанд гаргах зорилготой учир нухацтай хандах ёстой гэдэг байр суурьтай байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулгынхаа төгсгөлд нь хэллээ.


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ”, 39.11-т “Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно” хэмээн заасан байдаг. Энэ талаар Байнгын хорооны дарга танилцуулаад, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

    Төслийн эхний гурван зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим” гэсэн 4 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд асуулт асууж, тодруулга хийлээ. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд боловсруулан, хэлэлцүүлж буй, томоохон зохицуулалт бүхий төсөл тул тун нухацтай ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр тодотгов. Төрийн эрх мэдлийн салбар хоорондын харилцаа, үүрэг хариуцлагын ялгаа, заагийн асуудлыг нарийн авч үзэх ёстой учраас ажлын хэсэг дээр өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, боловсруулсан зарчмын зөрүүтэй эхний саналуудаараа санал хураалт явуулан шийдвэрлүүлээд, дахин ажлын хэсэг хуралдах шаардлага бий гэдгийг хэллээ. Дараа нь төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар дахин үргэлжлүүлэн явуулахаар ажлын хэсгийн хүрээнд ярилцсан бөгөөд энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчихгүй гэдэг дүгнэлтийг холбогдох талууд гаргасан гэдгийг хэллээ.

    Ийнхүү уг саналыг Байнгын хороо зөвшөөрсөн тул үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.29-д “Энэ хуулийн 39.25, 39.27-д заасны дагуу тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэх, эрх зүйн дүгнэлт гаргуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах бол анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж болно” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах горимын санал гаргав. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ажлыг хэсгийг үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг сануулсан бол Д.Тогтохсүрэн гишүүн төслийн 5, 6 дугаар зүйлийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ онцгой анхаарч, шаардлагатай бол мэргэжилтнүүдийг тусгайлан ажиллуулах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Ингээд Ж.Сүхбаатар гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 9 нь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулахаар боллоо.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат тус тус танилцуулав.

    Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрснийг Сангийн сайд дурдав. Харин Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үндсэн дээр энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар өсч, жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байгааг дуулгасан.

    Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэх зэргээр экспортыг эрчимжүүлж, ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэн эдийн засгаа тэлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахаар төлөвлөсөн байна.

    Төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилтуудыг тавьжээ.


    Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-д суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, түүнчлэн, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар цомхон бүтэцтэй, хариуцлагатай төрийн албатай байх зорилт тавьсан байна.

    Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах цэвэрлэгээ, засвар, харуул хамгаалалт, хоол үйлдвэрлэлийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, ажил үйлчилгээний тарифыг өрсөлдөхүйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, шаардлагатай санхүүжилтийг хувийн хэвшилд шилжүүлэх чиглэл баримталж, холбогдох зохицуулалтыг төсвийн төсөлд тусгасан болохыг Б.Жавхлан сайд танилцууллаа.

    Хоёрдугаарт, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн хуваарилалтын тогтолцоо болон төрийн албаны бүтцэд шинэчлэл хийх замаар төрийн үйлчилгээ бүрийг чанартай, хүртээмжтэй хүргэх асуудлыг санхүүжилтийн механизмаар нь дамжуулж шийдвэрлэх зарлагын шинэчлэл хийнэ. Төсвийн нэг төгрөг бүрийн үр ашиг, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцсон гэв.

    Гуравдугаарт, төрийн өмчит хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг мөн ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яам байгуулж, төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар төсвийн төсөлд тусгасан байна.

    Ирэх онд Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Боловсролын ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг, цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулахаар тооцжээ.

    Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлжээ.


    Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийн эхэнд төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд Улсын Их Хуралд төсвийн орлого нэмэгдүүлэх 2 асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх 5 зөвлөмжийг өгөөд байгааг дурдсан. Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагдах төсвийн 10 ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийн талаар Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ирэх оны төсвийн төсөл 2021 оны төсвөөс 8.8 тэрбум төгрөгийн зөрүүтэй төлөвлөгджээ. Улсын Их Хурлын даргын төсвийн төсөл 1.8 тэрбум төгрөг, Ерөнхий сайдын төсвийн төсөл 141.1 тэрбум төгрөг, Шадар сайдын төсвийн төсөл 4.6 тэрбум төгрөг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ирэх оны төсвийн төсөл өмнөх оныхоос 28.3 тэрбум төгрөгийн зөрүүтэй төлөвлөгдсөн гэв. Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн төсөл 19.1 тэрбум төгрөг, Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн төсөл 0.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй төлөвлөгдсөн байна. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн төсөл энэ оныхоос 3.8 тэрбум төгрөг зөрүүтэй төлөвлөгдсөн бол Хөгжлийн сайдынх 4.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 1.9 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөгдсөн байна.

    Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг буюу  аудитын дүгнэлтийн 6.3-т, 6.6, 6.7, 6.9, 6.10, 6.13-ыг Д.Занданбат дарга нэгбүрчлэн дэлгэрэнгүй танилцууллаа.


    Сангийн сайдын төслийн талаарх танилцуулга, Ерөнхий аудиторын төвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Д.Тогтохсүрэн гишүүн Сонгуулийн ерөнхий хорооны даргаас сонгуулийн санал хураах төхөөрөмжийн шинэчлэлийн талаар, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэх хөрөнгө, санхүүжилт 2022 оны төсвийн төсөлд туссан эсэхийг тус тус тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дээрх асуултад хариулахдаа, 2012 оноос хойш 9 удаагийн сонгуульд ашиглаад байгаа сонгуулийн санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн болохыг хэллээ. Тус төхөөрөмж нь улсын бүртгэлийн тодорхой төрлийн төхөөрөмжүүдтэй иж бүрдэл болдог учраас хамтад нь солих шаардлагатай байдгийг дурдаж байв. Ингээд холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2022 онд судалгаа явуулж, сонголт хийсний дараа 2023 оны төсвийн төсөлд худалдан авалтын төсвөө тусгуулж, тухайн ондоо программ хангамж, тохируулга, туршилт зэрэг бэлтгэл ажлаа хангаад 2024 онд ашиглаж эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Улсын Их Хурлын хуралдааны танхимууд дахь санал хураалтын төхөөрөмжийн шинэчлэлийн талаарх асуултад Тамгын газрын дэд дарга Э.Баттулга хариулт өгөв. Улсын Их Хурлын Тамгын газрын одоо ашиглаж буй мэдээллийн технологийн иж бүрдэл, санал хураалтын систем нь 2014 онд ашиглалтад орсон. Сүлжээний болон серверийн шинэчлэлийг энэ онд шийдвэрлээд байгаа бол ирэх онд дуу, дүрсний системээ шинэчлэхээр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт төлөвлөсөн, 2023 онд программ хангамжийн шинэчлэлийг шийдвэрлэн, системийн тохируулга хийх байдлаар 2024 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахаа төлөвлөсөн байна. Энэ оны хоёрдугаар улиралд Тагнуулын ерөнхий газартай хамтран мэдээллийн аюулгүй байдлын үзлэг, шалгалтыг явуулсан бөгөөд эл ажлын мөрөөр сайжруулалтын ажлуудыг гүйцэтгэж байгаа хэмээн Э.Баттулга дарга хариуллаа.

    Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төсвийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах асуудлыг хөндөж, тодруулга хийв. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа нар 2021 оны зургадугаар сард халаах болон ууршуулах технологи бүхий электронтөхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах зохицуулалт бүхий Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Засгийн газрын зүгээс төслийг дэмжсэн санал, дүгнэлтийг хүргүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа асуудлаар дахин төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн гэж Сангийн сайд хариулт өгсөн юм. Иймд батлагдаагүй хуулийн төслийн зохицуулалттай холбоотой орлогыг төсвийн төсөлд тусгах боломжгүй байдаг, хууль батлагдан, хэрэгжих үеэс төсвийн төсөлд холбогдох орлогыг тусгах боломжтой гэдэг хариултыг өглөө. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Худалдан авах ажиллагааны газрын асуудлаар, мөн Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах ажиллахад төлөвлөсөн төсвийн төсөл хангалттай эсэхийг тодруулж Сангийн сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагаас хариулт, мэдээлэл авсан. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа 2022 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төвлөрүүлэх 185 тэрбум төгрөгийн орлогын талаар, энэ онд 5.5 тэрбум төгрөг байсан Татварын ерөнхий газрын төвлөрүүлэх орлогыг 4.3 тэрбум төгрөг болгон бууруулаад, Гаалийн ерөнхий газрын төвлөрүүлэх орлогыг 3.6 тэрбум төгрөг байсан төвлөрүүлэх орлогыг 4.2 тэрбум төгрөг нэмэгдүүлсэн шалтгааныг тодруулж, Сангийн сайдаас хариулт, тайлбар авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай зохицуулалт бүхий 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ”, 39.11-т “Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно” хэмээн заасан байдаг. Энэ талаар Байнгын хорооны дарга танилцуулаад, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасан бөгөөд уг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

    2020 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь хэсэг, 2021 оны 10 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дүн шинжилгээ хийж, тус хуульд нийцүүлж шинэчлэн батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм.

    Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын тогтоолоор баталсан хүчингүй болсонд тооцох шаардлагатай бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн жагсаалтыг гаргажээ.


    Эдгээр бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг тодруулан үзэхэд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөлд хамаарахгүй, мөн хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй төрөөс баримтлах бодлого-12, үндэсний хөтөлбөр-4, дунд хугацааны стратеги-1, нийт 17 баримт бичиг байгаа юм байна. Эдгээр баримт бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй агуулгын давхардал, зөрчил үүсгээд байгаа аж.

    Иймд дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолоор баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

    Тогтоолын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу боловсруулсан бөгөөд 2 заалт, 17 дэд заалттай. Тогтоолын төсөлд хуулийн дагуу санал авах арга хэмжээг хэрэгжүүлсэн гэв. Тус тогтоол батлагдсанаар төрийн байгууллагад орон тоо, бүтцийн өөрчлөлт шаардахгүй бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй аж. Харин бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотой тайлагнах, мэдээлэх болон төлөвлөлтийг давхардуулан гүйцэтгэдэг байсан ачаалал арилж, үйл ажиллагааны нэгдмэл, хариуцлагатай байдал сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.


    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсан. Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 80 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Related news