“Тэмүүжин-Өрлөг” сургууль орос хэл судлалын төвтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-27 16:14:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ҮБХИС-ийн дэргэдэх нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэлний төв байгуулагдлаа. Энэ нь “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхны нээж буй Улаанбаатар дахь “Русский Дом"-ын дэргэдэх, орос хэл судлалын 42 дахь төв юм. 


Орос, Монголын дипломат харилцааны 100 жилийн түүхэн ойн хүрээнд нээгдсэн тус төвд “Русский Дом”-ын зүгээс 6 сая орчим төгрөгийн ном, сурах бичиг, Оросын сонгодог зохиол, орос хэл заах аргазүйн орчин үеийн гарын авлага бэлэглэжээ.


Тус сургуулийг төгсөж буй сонсогчдын 40 гаруй хувь нь хоёр орны Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад цэргийн дээд боловсрол эзэмшдэг юм.


“Тэмүүжин-Өрлөг” сургуулийг түшиглэн орос хэлний төв, кабинет байгуулахаар энэ сарын 21-нд Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх, Монгол улс дахь “Россотрудничество’ агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом’-ын захирал Базархандаев Амгалан Ринчинович, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн  захирал дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ.


Мөн энэ үеэр “Тэмүүжин өрлөг” сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор орос хэлний сурах бичиг, уран зохиолын ном сургалтын бусад материал бэлэглэсэн бөгөөд цаашид тус байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллахаа тохиролцжээ. 

Related news