Чөлөөт бүсийг нээх, хаах зохицуулалтыг хуульд тусгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-27 16:34:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлтийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа. Харин Чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээх, хаах асуудал ямар нэгэн зохицуулалтгүй үлдсэн. Чөлөөт бүсийн үндсэн үйл ажиллагааны салшгүй хэсэг нь хил, гааль, хорио цээрийн хяналтын ажиллагаа бөгөөд чөлөөт бүсийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг хөрш улстай байгуулсан хэлцээрийн дагуу зохицуулах юм. Иймээс уг асуудлыг хилийн боомтын үйл ажиллагааг нээх, хаахтай адил буюу Засгийн газрын шийдвэрээр зохицуулахаар тусгажээ.


Чөлөөт бүсийн тухай /2015 онд баталсан/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын ““хил дамнасан чөлөөт бүс” гэж хил залгаа улсын хилийн боомтын газар нутагт Засгийн газрын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэсэн томьёолол нь агуулга, найруулгын хувьд зөвхөн хөрш улсынхаа хилийн боомтын нутаг дэвсгэрт чөлөөт бүс байгуулахаар ойлгогдохоос гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Чөлөөт бүсийн газар нь боомтын нутаг дэвсгэрт хамаарахгүй.” гэж заасантай зөрчилдөж байгаа аж. Иймд “эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг,”” гэж өөрчлөн найруулах, үүнтэй уялдуулан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “боомтын” гэснийг “зурвас дахь газарт” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “боомтод” гэснийг “зурваст” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “боомт” гэснийг “зурвас” гэж тус тус өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.


Олон нийтийн аюулгүй байдыг хангах, нийтийн хэв журам хамгаалах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг тул Чөлөөт бүсийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Чөлөөт бүсэд нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалах үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгав.


Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дээр дурдсан дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсээд байна.


Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр хуулийн төсөл боловсруулахгүй, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төсөл боловсруулах шаардлагагүй, нэмэлт зардал гарахгүй аж.


Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ. Чөлөөт бүсэд газрын арилжаа явж байгаа асуудлыг шийдвэрлэх, газрыг анх олгохдоо тодорхой хугацаа товлож, тэр хугацаандаа ажлаа эхлэхгүй бол буцаах зэрэг зохицуулалтыг төрөөс хийх нь зүйтэй гэдэг санал хэлж байв. Мөн чөлөөт бүс бүрийг тус тусын онцлогтойгоор хөгжүүлэхэд анхаарах, дэд бүтцийг төр шийдвэрлэх ч менежментийг нь хувийн хэвшлүүд хийдэг байх нь оновчтой гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн бусад улс орны энэ төрлийн жишиг, туршлагыг судлах санал хэлж байв. УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч цаашид чөлөөт бүсийг идэвхтэй үйл ажиллагаатай болгох чиглэлээр санаачилгатай ажиллах шаардлага байгааг хэлж байсан. Түүнчлэн ирэх оны төсвийн төсөл дэх нүүрсний экспортыг дэмжих чиглэлд бүх бүтэц анхаарах, төсвийн тэлэлтийн нийлүүлэлтийг хангахад онцгой анхаарах, цар тахлын нөхцөлд хөрш орнуудтайгаа аль болох хэвийн горимоор хамтран ажиллах зэрэг асуудлуудад анхаарах шаардлага байгааг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг үр ашигтай, өгөөжтэй болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийг улсын төсвөөс шийдвэрлэн, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарах саналыг хэлж байв. Ингэхдээ дэд бүтцээ талуудын зөвшилцөл, хяналт дор хийж, цаашид хэрхэн ашиглаж, хамгаалах чиглэлээр тодорхой бодлогыг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн. Замын-Үүд, Алтанбулаг зэрэг сум хөгжиж байж чөлөөт бүсүүд хөгжих боломжтой гэдгийг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, аймаг, сум бүр хөгжлийн бодлогын чиг баримжаатай байж, шаардлагатай чиглэлийн бизнес, аж ахуйн нэгжүүдээ урьж ирүүлэх, улмаар тэдгээрийнхээ үйл ажиллагаанд тодорхой төрлийн дэмжлэгүүд санал болгох зэргээр ажлаа зохион байгуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.


Ийнхүү төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь дэмжиж санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Related news