Монголын Ноос ноолуурын холбоо "Монгол ноолуур" койны талаар мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-11-29 08:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Анна кашмер" компани "Mongolian cashmere" буюу "Монгол ноолуур" нэртэй койн худалдаанд гаргаж байгаатай холбогдуулан Монголын ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд, Монголын ноос ноолуурын холбооноос мэдэгдэл гаргалаа.


Монгол Улсад хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа виртуал хөрөнгийн салбарт шилээ даран гарч ирсээр буй койн, токен, тэрхүү худалдаанд оролцож байгаа иргэдийн хөрөнгийн баталгааг эрсдэлтэй хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байхад "Монгол ноолуур" койн худалдаанд гарч байгаа нь салбарынхны анхаарал татжээ. Ялангуяа "Монгол ноолуур" хэмээх нэршил нь ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэр гэсэн агуулгыг олон нийтэд төрүүлж буй нь эрсдэл дагуулахаар байгаа аж. 


Аливаа компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй ч "Анна кашмер" компани нь "Монгол ноолуур" гэх агуулгатай нэршил ашиглаж байгаад салбарын үйлдвэрүүд, мэргэжлийн холбоо эмзэглэж байгаагаа мэдэгдэж ийнхүү мэдэгдэл гаргасан байна.


Мэдэгдэлд, Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болсон монгол ноолуурын олон улс дахь байр суурийг бэхжүүлэх, амьтны эрхийг хамгаалах, байгалийн аргаар ноолуур бэлтгэх, цаашлаад нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал чухлаар тавигдаж, олон улсын анхааралд байгаа энэ цаг үед "Mongolian cashmere" гэсэн нэршлийн дор эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Энэ нэршлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар болсон тухай мэдээллийг "Анна кашмер" компаниас мэргэжлийн холбоо, холбогдох байгууллагад мэдэгдээгүй билээ. Виртуал хөрөнгийн салбарт койн гаргаж буй энэхүү үйл ажиллагаанаас үүдэлтэй ямар нэгэн эрсдэлийг дотоод, гадаад зах зээлд "Mongolian cashmere" гэсэн агуулгаар хүлээж авна, дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд эрсдэл үүсч болзошгүй юм.


Тиймээс энэ үйл ажиллагаанаас үүдэлтэй ямар нэгэн эрсдэлийг Монголын ноос ноолуурын холбоо болон бусад үйлдвэрүүд үүрэхгүй болохыг мэдэгдье гэжээ.


Мэдэгдэл гаргасан аж ахуйн нэгжүүд:

Монголын ноос ноолуурын холбоо

Гишүүн байгууллагууд:

"Говь" ХК

"Кашмер Холдинг" ХХК

"Буян Кашмер" ХХК

"Ханбогд Кашимер" ХХК

"Blue Sky Cashmere" ХХК

"Сор Кашмер" ХХК

"Өгөөж шим" ХХК

"Эрдэнэт Ноолуур" ХХК

"Лидер Кашмер" ХХК

"Баялаг-Өлзий" ХХК

"Монгол Нэхмэл" ХХК

"Сноу Филдс" ХХК

"Говь-Эрдэнэ" ХХК

"Нанс Кашмер" ХХК

"Гурван Сор" ХХК

"Уужин" ХХК

"Пи Си Вай" ХХК

"А-Үйлс" ХХК

Related news