Д.Сумъяабазар: Хүнд суртал, шат дамжлага үүсгэж буй бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-29 14:39:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй, хүнд суртал, шат дамжлага үүсгэж буй, хуульд зааснаас бусад бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгох ажлыг ирэх онд зохион байгуулна гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр мэдэгдлээ.

Тэрээр энд үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад зөвшөөрөл орж буйг онцоллоо. Мөн:


  • төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны болон захиргааны хэм хэмжээний актыг өөрчлөх, 
  • энд ЖДҮ, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, ААН, байгууллага болон мэргэжлийн холбоо, ТББ-уудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг тусган хамтран ажиллана гэв. 

Ингэхдээ, нийслэлд зөвшөөрөл, эрх олгож буй 172 үйлчилгээ байдгийг дурдаж байна. Үүнээс хууль, дээд шатны байгууллагын шийдвэрээр зохицуулж буй 90, нийслэлийн өөрийн эрх хэмжээний хүрээнд зохицуулж буй 82 үйлчилгээ байгааг тодотгов. 

Хувийн хэвшлийнхнийг нээлттэй бодлогоор дэмжиж ажиллана.


Дээрх мэдэгдлийг ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдэж байсантай уялдуулан хийж байна. Энэ хүрээнд ААН-үүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгоно гэдгээ мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. Бүх зүйл нээлттэй байх ёстой. Хотын ажил бол амаргүй ажил. Тэр дундаа эрхзүйтэй уялдсан төсөв санхүүгийн асуудал, 30 жилийн гажуудлыг богино хугацаанд засаж залруулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах нөхцөл байдал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртал байдаг. Үүнийг өөрчлөх чиглэлээр бид ажиллаж байна.



Ялангуяа цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед нийслэлийнхэн дархлаажуулалтын нэмэлт, 3 дахь тунд хамрагдаж, халдвар авсан тохиолдолд хүндрэлгүй давж гарах байдлыг ард олондоо уриалж байна. Төрийн захиргааны алба хаагч нарт захиргааны арга хэмжээ авч шахах, удирдлагууд манлайлал үзүүлж байна. Гурав дахь тун бол бидний дараа дараагийн хийх ажил. Ирэх сарын 15-нд шар бүс рүү орох хүрээнд АА-үүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлого боловсруулж ажиллана” хэмээн мэдэгдлээ. 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news