Хороодыг олшруулснаар хүн амын ачааллыг тэнцвэржүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-11-29 16:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар орон сууц, гудамжны 171 хороо ажиллаж байна. Хот жил бүр 35 мянган хүнээр нэмэгдэж, дүүрэг, хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх байдал үүссэн. Мөн төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага бий болжээ. Үүнийг зохицуулах нэг арга зам нь засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай байна гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр болсон “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Үүсээд буй дээрх нөхцөл байдлын талаар дүүргүүдээс ирүүлсэн саналаар:

  • Баянгол дүүргийн 25 хорооноос 1 хороог хувааж шинээр 9 хороо байгуулж, нийт 33 хороотой болох,
  • Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж, шинээр 15-ыг байгуулж, 43 хороотой болох,
  • Чингэлтэй дүүргийн 19 хорооноос 5 хороог хувааж, шинээр 5-ыг байгуулж, 24 хороотой болгох,
  • Баянзүрх дүүргийн 5 хорооны хилийн цэсийг өөрчлөхөөр байгаа аж.

Нийтдээ 33 хороог хувааж шинээр 29 хороо байгуулснаар нийслэл 200 хороотой болно гэсэн үг. Ингэснээр иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмж ахиж дэвшинэ гэж үзэж буйгаа хотын удирдлага илэрхийлж байна.


Нийслэлийн 171 хороог 200 болгон "нэмэгдүүлнэ". Ингэснээр өнөөдрийн байдлаар  30 мянга хүрээд  буй хороодын оршин суугчдын тоог 10-15 мянгад барина. 


Ташрамд мэдээлэхэд эрхзүйн хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Засаг захиаргаа, нутаг дэвсгэрийн нэгж байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах” тухай заалтаар:

  • Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг УИХ шийдвэрлэдэг байна. Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон ИТХ зөвхөн саналаа гаргаж өгдөг байна.
  • Харин хороо, баг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг НИТХ шийдвэрлэдэг байна.

Тиймээс хэт их ачаалалтай болж буй дүүргүүдээ хуваах гэхээр УИХ шийддэг тул бид хорооноос цааш асуудлыг шийдэж чадахгүй байна. Хуулиар бол нэг хороонд 10 мянга орчим иргэн байхаар заасан. Гэтэл зарим  хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна.


Нэг аймгийн төвийн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүс тэр чигээрээ нийслэлд нүүдэллэн суурьшиж буй өнөөгийн манай үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэж нийслэлийн Засаг дарга хэллээ.

Related news