Эрсдэлд суурилсан хилийн хорио тогтоохыг ДЭМБ санал болгож байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-01 14:17:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв. 


Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой. Омикрон хувилбарын халдварлах чадамж, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна. Эрсдэлд суурилсан хилийн хорио тогтоохыг ДЭМБ санал болгож байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ. 


Омикрон хувилбар дээр файзер, модерна, астразенека зэрэг вакцин үйлдвэрлэгч нар туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунд хамрагдах хувь өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглажээ. 


Их Британи, АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна гэв. 


Өчигдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.


Загсийн газрын хуралдааны товч мэдээ:


·      Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн явцын талаар танилцуулга хийв.


·      Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг 150 000 төгрөгөөр тогтоов.


·      Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтийн тухай Монгол Улсын Сангийн яам, Австри Улсын Райффайзен банк интернейшнл хоорондын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.

Related news