Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-02 16:30:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцаалаа.


Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь 5 бүлэг, 22 зүйлтэй заалттай бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй гэж үзжээ. Шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 25.1.2-т заасны дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.


Хуулийн төсөлд нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэсэн болон бүртгээх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлжээ.


Хуулийг баталснаар далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенц хэрэгжих боломж бүрдэх ач холбогдолтой аж. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжирна хэмээн үзсэн байна.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг хуулийн төсөлд өлөг онгоцны байгууламж, хөдөлгүүр бусад тоног төхөөрөмжид техникийн хяналт тавих зэрэг хэрэгжүүлэгч агентлагийн хийх ажлыг ЗТХЯ хариуцахаар тусгасан байна хэмээн шүүмжлэв.


Тэрбээр, “Яам бүрд тусгай зөвшөөрөл олгодог, эрх мэдлийг төвлөрүүлдэг нь хүнд суртлыг бий болгодог. Үүнээс үүдэн аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшил хөлд нь чирэгддэг. Тиймээс бодлогын өөрчлөлтөө хийх ёстой” гэлээ. Мөн тэрбээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХЯ, ГХЯ-тай хамтран бодлогын ажлаа хийх шаардлагатай байгааг онцлов. Тодруулбал, цар тахлын үед улс орнууд хил, гаалиа хаасны улмаас бараа бүтээгдэхүүний тээврийн зардал ихээр нэмэгдэж буйг хэллээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Олон улсын конвенцид аливаа улсын далбаан дор үйл ажиллагаа явуулах эрх бүхий хөлөг онгоцны хувьд захиргаа нь тухайн улсын Засгийн газар байна гэж заасан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар буюу төрийн захиргааны төв байгууллага нь хариуцаж, хариуцлага хүлээдэг. Тиймээс далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх үүргийн асуудлыг хуульд маш нарийн заасан. Хөлөг онгоцны хөдөлгөөр, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техникийн хяналтын байгууллагуудтай гэрээ хийнэ. Хөлөг онгоцны байршил тогтоох, хянах, алсын хяналт тавих, боловсон хүчин бэлтгэх асуудал нь Зам тээврийн яаманд харьяалагдана. Агентлаг буюу захиргааны асуудлыг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд үлдээсэн. Далайн захиргаа гэдэг байгууллага Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн хэлтэст харьяалагддаг. Энэ байгууллага төрөөс цалинждаггүй. Бид далбаагаа мандуулсны төлбөрт жилд 1.2-1.5 сая ам.доллар олдог. Түүгээрээ цалинждаг. Дээрээс нь энэ орлогоос Сингапурт байсан төлөөлөгчийн газрыг санхүүжүүлдэг байсан. Мөн тодорхой хэсэг нь Монгол Улсын төсөвт төвлөрдөг.Олон улсын нэгдэн орсон конвенцууд болон аудитын дүгнэлтээр Засгийн газар далайн захиргааны асуудлаа шийдэж нэг мөр болго гэж байгаа юм. Тиймээс хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. 2003 оноос хойш нийт 4,000 гаруй онгоц манай далбааг мандуулсан. Үүнээс яг одоогоор манай бүртгэлд 24 орны 177 онгоц Монгол Улсын далбааны дор үйл ажиллагаа явуулж байна” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол Улс далайд гарах гарцынхаа тоог нэмэх хэрэгтэй гэсэн санал хэллээ.


Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Монгол Улс Хятадын долоон боомт, Оросын зургаан боомтыг ашиглах хоёр талын гэрээтэй. Өнөөдрийн байдлаар дөрвөн зуучлагч агенттай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж байна. Цаашид зургаан агенттай гэрээ байгуулахаар ярилцаж байгаа” хэмээв.


Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслийг дахин хэлэлцэж, зарим зүйл заалтыг нарийн боловсруулах хэрэгтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Иймд уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Эдийн засгийн байнгын хороонд буцааснаар чуулганы өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Related news