Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад хамтран ажиллана

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-03 09:37:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд, тус улсын Төмөрлөгийн сайд ноён Рам Чандратай өчигдөр уулзаж, санал солилцов. 


Цар тахлын үеийн зарим нөлөөллийг тооцоолж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу саадгүй урагшлуулахын тулд улам нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй ноён Рам Чандра санал нэг байв.  Манай Улс уг төсөлд онцгой анхаарал хандуулан, УИХ-аас 2021 оны  нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар  сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан.  Одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусаж, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэдгийг танилцууллаа. Түүнчлэн төслийн бүтээн байгуулах ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос даруй 6 сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байна.



Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай хоёр орны стратегийн түншлэлийг улам өргөжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой тул харилцан дэмжлэг, хичээл зүтгэлээр зорьсон үр дүндээ хүрнэ гэдгийг талууд онцоллоо.


Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэхээс гадна валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, дагалдах ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

Related news