Аймаг, дүүргийн засаг даргыг Ерөнхий сайд огцруулах зохицуулалтыг засна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-03 10:41:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ. 


Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. УИХ-аас шинэчлэн баталсан дээрх хуульд Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-нд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ тухайн сарын 28-ны хуралдаанаараа хэлэлцэн хүлээн авахаар шийдвэрлэсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо боловсруулжээ. Тус Байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 2-ны хуралдаанаар, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авснаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны саналыг дэмжив. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 


Ташрамд дурдахад, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон гэж Ерөнхийлөгч үзжээ. Тодруулбал, хуулийн заалтад, Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулахаар тусгасан. Энэ нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн аймаг, дүүргийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна гэж үзэн хууль хэсэгчлэн хориг тавьжээ.

Related news