Хоггүй маргаашийг хамтдаа бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-07 23:09:50

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас “Хоггүй маргаашийг хамтдаа бүтээе” санаачилгыг энэ онд гарган, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдэхийг уриалж ажилласан байна. Тодруулбал зориулалтын бус газарт хог хаягдал хаяхгүй байх, хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, үр хүүхэд ирээдүй хойч үеээ байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, зохистой ашиглах зөв хэвшилд сурган хүмүүжүүлэх, хоггүй маргаашийг хамтдаа бүтээх зорилгоор энэхүү аяныг зарлажээ. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-аас “Цэвэрхэн цэнхэр хязгаар” сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж, дараах ажлыг хийсэн байна. Үүнд:

-Хаягдал шил 32 тн

-Хаягдал хуванцар 0,6 тн

-Ангилан ялгах хогийн сав 220 ш

-Нийт цэвэрлэсэн талбай 2250 га

-Нийт гаргасан хог хаягдал 115,5 тн

-“АПУ” ХХК 14000 ш буюу 7 тн шилийг ангилан ялгаж авсан байна.

Түүнчлэн тус аяныг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж үлгэр жишээ ажилласан Өлгий, Ховд, Бөхмөрөн, Хяргас, Зүүнговь сумыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Мөн “Улаангом сумын хог хаягдлын менежмент төлөвлөгөө” дунд хугацааны баримт бичгийг боловсруулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс аймагт хуваарилсан бутлагч, нягтаршуулагч хоёр төхөөрөмжийг хоёрдогч түүхий эд худалдан авах цэгийг хариуцан ажиллуулдаг иргэн Б.Алтанзултай гэрээ байгуулан, түрээслүүлэн ажиллуулснаар оны эхний 11 сарын байдлаар хар төмөр 145 тн, хөнгөн цагаан, хайлш 5 тн, хуванцар 13 тн, масло тосны сав 3 тн-ыг цуглуулж Улаанбаатар хотод дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлжээ.

Аймгийн хэмжээнд цугларсан хаягдал шилийг MCS ХХК, Номин холдинг ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн зардлаар Улаанбаатар хот руу дахин боловсруулах үйлдвэрт тээвэрлэн хүргэж байгаа аж. Мөн Газар шим ХХК, АПУ ХХК-иуд өөрсдийн бүтээгдэхүүний шил, савыг татан ажиллаж хэвшээд байна.

Related news