Л.Хуягбаатар: Сурагчаас саальчин болсон сайхан дурсамж үлдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-18 19:47:34

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч, мэргэжилтэн Лувсаншаравын Хуягбаатартай уулзаж ярилцлаа. Тэрээр “МХЗЭ-ийн илгээлт” өвөрлөн, саальчин болж байсан нэгэн юм.

          - “МХЗЭ-ийн илгээлт”-ийг хэдэн онд өвөрлөж хөдөөг зорьж байв даа?

- 1982 онд Хишиг-Өндөр сумын сургуулийг төгсөөд ангиараа “МХЗЭ-ийн илгээлт”-ээр хөдөө аж ахуйн салбарт ажиллахаар зорьсон. Тэгээд Бугат суманд ирж ажилласан. Тэр үед цагаан үнээний ферм, халтар үнээний ферм гэж Булган сумын ойролцоо Зүүн түрүүнд байсан. Тэр хоёр ферм дээр хоёр хуваагдаж ажиллаж байсан. 19-үүлээ анх гарсан. Замаасаа зарим нь ар гэрийн гачигдлаар больсон. Ингээд бид чинь ангиараа нэг жил ажилласан даа. Манайд долоон эрэгтэй байсан. Эрэгтэйчүүд нь нэг жил ажиллаад цэрэгт явсан. Цэргийн албыг гурван жил хааж ирээд 1986 онд шууд конкурс буюу элсэлтийн шалгалтад таван эрэгтэй орж бүгд тэнцээд ХААДС-д орсон. Нэг нь малын эмч, хоёр нь мал зүйч, нэг нь таваар судлагч мэргэжил сонгосон.

Бид 1992 онд ХААИС төгссөн.

- Түүнээс хойш илгээлт өвөрлөж ирсэн нутагтаа ажиллаж байна уу?

- Үгүй ээ. Миний хувьд төрж өссөн Могод сумандаа 1996 он хүртэл дөрвөн жил мал зүйчээр ажилласан. Тэгээд 1996 оноос өнөөдрийг хүртэл Бугат сумандаа илгээлт авч ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ажиллаж байна. 1997 оны эхнээс татварын улсын байцаагч хийсэн. Тэгээд 2001 оноос байгаль орчны улсын байцаагч хийгээд, 2012 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.

          - Ангиараа илгээлт аваад шууд хөдөлмөрийн гараагаа эхэлье гэдэг санаачилга яаж төрсөн бол?

- Анги дотроо ярьж байгаад л шийдсэн. Ангийн дарга байсан Загдаа л эхэлж санаачилсан санагддаг. Бүгдээрээ ингээд илгээлтээр гарвал эвлэлийн хороо дэмжлэг юм байна. Дараа нь шалгалт өгөөд их, дээд сургуульд сурах боломж нээгдэх юм байна гээд ярилцсан. Тэр үед конкурс нэлээд амаргүй л байсан даа. Тэгээд л бүгдээрээ дэмжээд шийдсэн. 20 гаруй хүүхэдтэй анги байсан. Могод сумын угуул хүүхдүүд ихэвчлэн хөдөөг зорьсон. Дашинчилэн сумаас хоёр хүүхэд байсан. Налайхын нэг залуу байлаа.

- Тэр үед илгээлт авсан хүүхдүүд их нэр хүндтэй байсан байх аа.

          - Илгээлт өвөрлөсөн бид нарыг чинь гурав хоног “Эрдэнэт” үйлдвэр, хивсний үйлдвэртэй танилцуулж авч явж байсан.

          - Та хэд сурагчийн ширээнээс саалийн хувин бариад үнээний зэл рүү алхсан. Эрчүүдийн хувьд ямар байсан бол?

- Бид дөрвөн гэртэй байлаа. Хоёр нь охид, хоёр нь хөвгүүдийн гэр байсан. Шууд саальчин л болж байлаа. Үнээ сааж мэдэхгүй. Нэг хүн 20 үнээтэй байсан. Тэр нь тойргоор тугалдаг. Аймгийн цэцэрлэгүүдийн сүүг хангадаг байсан.

Хөвгүүд өглөө босохгүй ээ. Охидууд маань дуудна. Хөвгүүд дуудахаар сэрчихээд эргээд унтаад өгнө. Охидууддаа хөөгдөөд гарна. Хувин сугавчилчихсан охидуудтайгаа үнээ саагаад явах ч хэцүү шүү. Өглөөний 4-5 цагт сүүгээ тушаадаг байсан. Шөнийн 03.00 цагт бараг саалиндаа гарч байсан юм байгаа биз. Хөвгүүд үнээ сааж сураад ирэхээр охидуудаасаа илүү болдог юм даа.

Миний хөдөлмөрийн дэвтэр дээр Бугат сумын “Партизан” нэгдэлд саальчнаар томилов” гэсэн бичиг байдаг. Сайхан дурсамж байдаг. Анх илгээлтээр гарч байсан нутагтаа суурьшаад 30 гаруй жил боллоо.

Могодын хүүхдүүд болохоор айраг исгэж чаддаг байлаа. Тэр үед нэгдлээс хоёр азарга адуу өгөөд бид гүүгээ бариад айргаа уучихдаг байлаа. Цагаан үнээний ферм дээр Дашдэндэв, халтар үнээний ферм дээр Мөнх-Очир гэж хүн халамжлан хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Тэд нарыг “багш” гэж дуудна. Амьдрал ахуй, сүү саальтай яаж харьцах, хадлан тариагаа яаж авах, хашаа хороогоо яаж засаж янзлах гээд бүгдийг л зааж сургаж байсан.

Цагаан үнээний ферм нь семинталь, халтар үнээнийх нь алатау үүлдрийн үнээний ферм байсан. Би алатау үүлдрийн үнээ сааж байсан.

          - Эрлийз үнээтэй байсан болохоор сааль их тушаадаг байсан байх. Сүүний гарц ямар байсан бэ?

- Байнгын сааж байдаг 12 үнээтэй. Тойргоор тугалдаг учраас өвөл зунгүй саана. Өдөрт зундаа 80 литр сүү саана. Өвөл 30 орчим литр сааль авдаг байлаа.

- Ангийнхнаас чинь ихэнх нь дээд сургуульд сурсан байх аа?

- Манай ангиас ХААИС-ийг төгссөн нэг доктор Улаанбаатар хотод байна. Мал эмнэлгийн ухааны доктор н.Бямбацогт гэж. Мөн Ц.Бямбацогт аймгийн ХХААГ-т мэргэжилтний алба хашиж байна. Могод суманд Д.Сүхбаатар Хөдөө аж ахуйн тасгийн жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн хийж байна. Д.Загдаа гээд ангийн дарга байсан залуу Могод суманд улсын бүртгэгчээр ажиллаж байна. Манай ангийн охин О.Эрдэнэчимэг сумын ЗДТГ-ын даргын алба хашиж байгаад тэтгэвэртээ гарлаа. ХААИС-ийн ня-бо-гийн анги төгссөн Н.Дэлгэр Могод суманд ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  

- Бугат сумын мал аж ахуйн салбарын хөгжлийн хандлага ямар байна гэж үздэг вэ?

          - Бугат сумын хөдөө аж ахуйн салбар 2010-аад оны үед их хоцрогдсон байлаа. Ялангуяа мал үржлийн талаасаа чанаржуулах, үржил селекцийн ажил их хоцрогдсон байсан. Сүүлийн 2-3 жилд нэлээд ахицтай явж байна гэж бодож байгаа. Ялангуяа “Шинэ хөдөө” төсөл Булган аймагт хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд нэлээд хөрөнгө оруулалт хийж байгаа. Манай сум үхэр сүргийг үржүүлэх тааламжтай нутаг. Энэ чиглэлээр “Сэлэнгэ” үхрийн үүлдрийг сайжруулах зорилгоор манай суманд 28 хээлтэгчийг авчирч тавьж, үхэр сүргээ сайжруулж байна. Энэ нь аймгийн мал аж ахуйн бодлоготой нийцэж байгаа. “Сэлэнгэ” үхрийг үржүүлэх бүс нутагт манай сум ордог. Сумын бодлогод ч бий. Энэхүү бодлогоо хэрэгжүүлээд Бугат сумын зүүн хойд талаасаа Хужрын голоос буюу 1-р багаасаа эхлээд үхрээ сайжруулж эхэлж байна. Нэгдүгээр багийн үхэр сүргийн тал хувь өнгө зүс, галбир зөвтэй “Сэлэнгэ” үүлдрийн үхэртэй болж байгаа. Баруун талын Ханжаргант багт “Сэлэнгэ” үүлдрийн таван бух тавьж байгаа. Хоёр жил болоод сольдог. Энэ жилээс 20 гунж нэмж авлаа. Манайх өөрсдөө дотооддоо цэврээр нь үржүүлэх зорилгоор авчирч байгаа юм. Тэндээ хээлтэгч, хээлтүүлэгчээ бэлтгээд байх боломж бүрдэж байгаа юм.

Хонин сүргийг “Дархад” үүлдийн хуцаар, ямааг “Эрчмийн хар” ухнаар сайжруулах бодлоготой. Малчид ч малынхаа чанарт анхаардаг болсон. Ер нь 10-аад жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй өөр болсон. Малын чанар чансаа сайжирсан. Ийм л байна даа.

          - Орхон аймагтай хил залгаа болохоор зах зээлээ дагаж эрчимжсэн аж ахуй эрхлэх сонирхол их байна уу?

- Сүүлийн хоёр жилийн хугацаанд ер нь малчдын хандлага арай л өөр болсон. Чанартай, өндөр ашиг шимтэй малаар орлого олохыг боддог болж. Манайд найман хагас эрчимжсэн аж ахуй ажиллаж байна. Орхон аймгийг түшиглээд сүү цагаан идээ, махаа борлуулахаас өгсүүлээд зах зээл нь шаардаад эхэлсэн. Үүн дээр нь сумын ИТХ, Засаг дарга дэмжлэг үзүүлээд малчдад тэжээл тариалах газрыг олгох асуудалд анхаарч, бодлогодоо тусган ажиллаж байна. Энэ бол зөв хандлага.

          - Танай суманд малчдад ногоон тэжээл тариалах талбай олгосон гэдэг. Энэ ажлын үр дүн ямар байна вэ?

- Ялангуяа цөөхөн малтай айл өрхүүд малаа байран маллагаанд оруулах шинжтэй болсон байна. Сүүлийн жилүүдэд манай сумын малчид ногоон тэжээл их тариалах боллоо. Гадны малчид ч их авч байна. Ногоон тэжээлийн хувьд 200 га газартай. Малчдад өгсөн. Нэг малчинд хоёр га талбай олгосон. Ногоон тэжээлийг маш их тариалдаг болсон. Түүний ач тусыг ч мэддэг боллоо. Өнгөрсөн жил их тариалсан ургац сайн байлаа. Нийтдээ 2000 гаруй тонн тэжээл авсан. Ногоон тэжээл тариалах ажил нэлээн эрчимтэй явах байх гэж бодож байна.

- Ярилцсан танд баярлалаа.

Related news