С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй гэсэн Засгийн газрын байр суурь хэвээр байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-19 15:30:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний омикрон хувилбарын тархалт энэ сарын сүүл, ирэх сарын эхээр оргил үедээ хүрнэ гэсэн тооцооллыг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл гаргасан. Энэ хүрээнд сар шинийн баяраар хөл хорих эсэх, хүүхдийн хичээл, сургуулийг хэрхэн зохицуулах талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа. 


-Халдварын тохиолдол харьцангуй нэмэгдсэн тохиолдолд УОК-оос хөл хорих тухай мэдээлэл өчигдрөөс гарч эхэлсэн. Үүнд тайлбар өгнө үү?


-УОК өнгөрсөн зунаас эхлэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, аль болох хөл хорио тогтоохгүйгээр бүх салбарыг хэвийн явуулахад анхаарч ирсэн. Эрдэмтдийн зөвлөлөөс УОК-т өчигдөр танилцуулсан зарим саналыг шийдвэр мэтээр ташаа ойлгож байна. Засгийн газар коронавирусний омикрон хувилбарын тархалт өндөр байгаа ч эдийн засгийг эрчимтэй явуулахад анхаарч, иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран сөрөх, дасан зохицох стратеги хэрэгжүүлж байна. Тиймээс хөл хорио тогтоох арга хэмжээг урьтал болгохгүй гэсэн байр суурь хэвээр байгаа.


Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдэж байна. Тиймээс хүүхэд багачууд, ахмад буурлуудаа хамгаалах, өөрсдөө халдварт өртөхгүйн тулд вакциндаа хамрагдаж, маскаа зүүх, гараа ариутгах зэрэгт анхаарах хэрэгтэй. Түүнээс биш, омикрон хувилбар хөнгөн шинж тэмдэгтэй гэсэн байдлаар асуудалд хандаж огт болохгүй. Дельта хувилбарыг бодоход омикрон хувилбар нь хөнгөн шинж тэмдэгтэй ч суурь өвчтэй хүмүүс болон хүүхэд багачууд хүндрэх эрсдэлтэй. 


-Хоёрдугаар сарын 7-ноос хүүхдүүдийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Омикрон хувилбарын тархалт энэ үеэр оргил үедээ хүрнэ гэсэн тооцоолол байна. Хүүхдүүдийн хичээл, сургуулийг эхлүүлэх асуудалд УОК ямар байр суурьтай байна вэ?


-УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан судалгаагаар нэгдүгээр сарын эхэн, хоёрдугаар сарын сүүлээр омикрон хувилбарын тархалт ихсэх судалгаа байна. Тиймээс хүүхдийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хойшлуулах саналыг ЭМЯ, Эрдэмтдийн зөвлөлөөс ирүүлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцсан. БШУ-ны сайд ЭМЯ-тай хамтран энэ талаар судалж УОК-т дахин танилцуулж эцсийн шийдвэр гаргахаар тохирсон. Энэ хүрээнд өмнөхтэй ижилхэн 5:9-ийн харьцаагаар явуулах эсэхийг шийднэ. Аль болох хүүхдүүдийн хичээл, сургуулийг тасалдуулахгүй, хоцрогдлыг арилгах чиглэлд өнгөрсөн хугацаанд явуулсан арга хэмжээг үргэлжлүүлэх боломжийг судалж байна.

Нөгөө талаар, сургууль, цэцэрлэгт явснаар хүүхдүүд халдварт их өртөөд байна гэдэг нь харьцангуй ойлголт. Хүүхэд ахуйн хүрээнд байх тусмаа халдвар авах эрсдэл их байна гэсэн судалгаа ч бий. Тиймээс аль аль талаа бодож эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжид үндэслэж ойрын хугацаанд энэ талаарх шийдвэрийг гаргана. 


-УОК-оос хөл хорихгүй гэсэн ч зарим аймаг, орон нутагт хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Засгийн газар, УОК-оос хязгаарлалт тавихгүй гэж байгаа ч орон нутгийн удирдлагууд бие даан шийдвэр гаргаж байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ?


-Коронавируст цар тахал эхэлж байсан үеэс саяхныг хүртэл бүх асуудлыг УОК шийддэг байсан. Харин өнгөрсөн зунаас хойш орон нутаг, нийслэлд зарим эрх үүргийг нь өгсөн. Тухайн орчиндоо өөрсдийн эрсдэлийн үнэлгээг хийж, түүндээ тулгуурлан хариу арга хэмжээг зохион байгуулж байгаа. Аймаг, нийслэлийн удирдлагууд өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг хариуцаж ажилладаг Засгийн газрын төлөөлөгчид учраас энэ үүргийг хариуцуулах нь зүй. Бүх цаг үед УОК, Засгийн газар бүх шатны асуудалд оролцож, өмнөөс нь шийдвэрлэх замаар урт хугацаанд явах боломж байхгүй. 


-УОК-оос Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байгаа. Тэгвэл энэ жил сар шинийн бөхийн барилдаан ч болохгүй гэсэн үг үү?


-Нэгдүгээрт, сар шинийг гэр гэртээ тэмдэглэхийг иргэддээ уриалж байгаа. Ах, дүү, садангаараа айлчилж халдварын эрсдэлд өртөхгүйгээр цахимаар золгох боломжтой. Хоёрдугаарт, сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж зохион байгуулна. Ингэхдээ вакцинд хамрагдсан байх, шинжилгээ өгсөн байх зэргээр урьдчилсан арга хэмжээг сайтар авах юм.

Related news