Г.Гангамөрөн: Зуун тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ өнөөдөр ч өгч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-21 16:20:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банк хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.


Сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох зээлийн талаар нийслэлийн ЖДҮҮ-ийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцсаныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлжээ.


-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий санхүүгийн хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

ЖДҮҮ эрхлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байраа хадгалах, шинээр ажлын байр бий болгохыг дэмжих зорилготой санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвхөн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Өнгөрсөн оны 9 дүгээр сард санамж бичгээ байгуулсан. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байна. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна.


-100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ямар байх вэ?

675 мянган ЖДҮҮ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд юм. Тэдэнд зориулсан зээл гэсэн ангилал бий. Жишээ нь, төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох уу, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай нөхцөлийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл юм.


- Санхүүгийн хөтөлбөрийн хүү ямар байх вэ?

Энэ жил Монголд бодлогын хүү 6 хувьтай байгаа. Бодлогын хүү нэмэгдэнэ гэдгийг банк, ББСБ илэрхийлж байгаа учраас тодорхой тоо хэлэх хэцүү. Интервалаар хэлэхэд 12-18 хувь хүртэл хэлбэлзэнэ. Энэ нь сарын нэг хувийн хүү гэсэн үг. Гэхдээ ямар төрлийн зээл авахаас хамаарна. Тиймээс хүү гэхээс илүүтэй зээл авах нөхцөл боломж дээр нь илүү уян хатан байгаа.


-Арилжааны банкны шалгуурыг хангасан тохиолдолд энэ зээлийг олгож байгаа гэхээр бусад банкны олгодог зээлээс юугаараа ялгаатай вэ?

Нөхцөлөөрөө ялгаатай. Цаг хугацаа хэмнэж, давхар төрийн байгууллагатай хамтарч тухайн зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх, бойжуулах зэргээр ялгаатай. Олон өрх толгойлсон ээж эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа бол давуу тал болох юм. Мөн төрийн байгууллага буюу нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төвтэй хамтарч ажилласнаар 9 дүүргийн судалгааг авах боломжтой. Санхүүгээр дэмжээд орхих бус хамтдаа бойжуулна. Дүүргүүдэд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төв бий. Байгууллагын албан хаагчид бойжуулалтыг хамт хийнэ. Ингэснээр санхүүгээр дэмжих, зөвлөх, туслах зэрэг олон давуу талтай.


-Есөн дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төвүүд бизнес эрхлэгчидтэй ямар байдлаар хамтарч ажиллах вэ?

Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр байгаа. Ямар зах зээлд, ямар бүтээгдэхүүн, хэчнээнийг ямар үнэ ханшаар, яаж нийлүүлэх, чанар стандартыг хангах зэргээр төрийн байгууллагатай хамтарч ажиллана. Сургалтад хамрагдаад, бойжуулалтаа хийвэл санхүү хэмнэнэ, цаг хугацаандаа бараагаа нийлүүлэх, хүний нөөцийн хомсдолд орох үед хэрхэн ажиллахад дэмжлэг үзүүлнэ.


-10 их наяд төгрөгийн хөтөлбөрт хамрагдаад зээл авсан тохиолдолд давхар зээл авч болох уу?

Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлага байвал авах боломжтой. Гэхдээ энэ тал дээр ЖДҮҮ эрхлэгчид нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн зээлээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн байгууллагууд ЖДҮҮ-ний салбарыг өөр замаар дэмжих хэрэгтэй. ЖДҮҮ-г дэмжих хууль 2019 онд батлагдсан. Мөн маркетинг, борлуулалтын зах зээлийг төр дэмжих ёстой. Гол нь борлуулалтын зах зээл, олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, экспортод гаргахад тусална. Тухайлбал, өнгөрсөн онд Японы зах зээлд ЖДҮҮ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг цахимаар гаргаж эхэлсэн. Цар тахлын нөлөө байгаа ч нөгөө талдаа давуу тал бий. Үүнд төрийн байгууллага, ялангуяа нийслэлийн хэмжээнд зээл авахгүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ яаж сайжруулж, зах зээлд оршин тогтнох вэ гэдэг тал дээр дэмжиж байна. Гэхдээ цар тахлын нөлөөнд өртсөн, санхүүгийн зайлшгүй шаардлага бий учир санхүүгийн хөтөлбөрөөр дамжуулан дэмжиж байгаа. Үүний нэг хөтөлбөр нь 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл юм.


-Хөтөлбөр хэрэгжих хугацаа нь ямар байх вэ. Зээлийг хэзээнээс олгох вэ?

Өнөөдөр ч хүсэлтээ өгч болно. Богд банкны салбар дээр материалаа аваад очих хэрэгтэй. Өнгөрсөн алдаатай туршлагыг бодож хойш бүү суугаарай.

Related news