Мал, мах худалдан авахдаа юуг анхаарах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-21 20:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох мах худалдан авахдаа юуг анхаарах талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын Улсын ахлах байцаагч К.Зурашийн зөвлөгөөг хүргэж байна.


Тэрээр хэлэхдээ, “Эрүүл бүсэд бэлтгэсэн маханд мал эмнэлгийн гэрчилгээг олгодог. Уг гэрчилгээг цахимаар ч шалгах боломжтой. Иргэд мах сонгож авахдаа хамгийн түрүүнд мал эмнэлгийн гэрчилгээг нь харах хэрэгтэй. Худалдааны төв, үйлдвэрүүд болон бусад үйлчилгээний газрууд мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг аваад цааш нь лабораторийн шинжилгээнд хамруулснаар магадлан шинжилгээний гэрчилгээтэй болдог. Иймд мал, мах сонгон авахдаа өнгө, үнэрээс гадна мал эмнэлгийн гэрчилгээ болон магадлан шинжилгээний гэрчилгээг нь шалгаж гарал үүсэл тодорхой мал, мах худалдан авахыг сануулж байна” гэлээ


Түүнчлэн махны чанарыг технологийн болон мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтэний үнэлгээгээр тодорхойлдог. Мэдрэхүйн эрхтэнээр үнэлэхэд чанараа алдаагүй, махны өнгө хэвийн харлаж бүдгэрээгүй, гадаад байдал цэвэр, элдэв бохирдолгүй, өөх алагласан, зөөлөн, шүүслэг байдалтай байдаг.


Харин өвчтэй эсвэл үхсэн малын мах нь хэт улаан өнгөтэй, нэлэнхүйдээ цус харвалттай, гулууз махны хаа, гуяны дотор хэсгээр цусархаг толбо үүссэн байдаг.


Үүнийг сайтар шалгах, дээрх шинж тэмдэг бүхий мах худалдаанд гарч байгаа тохиолдолд харьяа дүүргийн мал эмнэлгийн алба, худалдааны төвүүдийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Мэргэжлийн хяналтын байгууллагад даруй мэдэгдэх шаардлагатай юм байна.


Related news