Цагаан олимпын түүхэн замнал - "Лейк-Плэсид-1980"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-24 17:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /11 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.                            


Вена хотод 1974 онд болсон ОУОХ-ны 75-р чуулганаар өвлийн XIII олимп зохион байгуулах хотоор Америкийн Нью-Йорк мужийн Лейк-Плэсидийг сонгожээ. Энэ эрхийн төлөө Канадын Ванкувер-Гарибалди хотууд хамтран өрсөлдсөн боловч эцсийн мөчид нэрээ татсан байна. Ингэснээр америкчууд ямар ч өрсөлдөгчгүйгээр олимпын сунгаанд ялалт байгуулав. Тус хот 1932 онд III олимпыг хүлээн авч байсан билээ.


Цагаан олимпын гол өрсөлдөгч ЗХУ Лейк-Плэсид рүү тамирчдаа явуулах эсэх нь эргэлзээтэй байв. Тэд Афганистанд дайны ажиллагаа эхлүүлээд байсан тул Америкийн Ерөнхийлөгч Ж.Картер Москвагийн зуны олимпыг бойкотлоно гэдгээ нэлээн эрт мэдэгдээд байв. Хариуд нь зөвлөлтүүд өвлийн олимпыг бойкотлох талаар ярилцсан ч эцэстээ оролцохоор шийджээ.


Америкчууд аливаа тэмцээн уралдааныг өндөр түвшинд, төгс зохион байгуулдаг гэдгээрээ алдартай. Харин “Лейк-Плэсид-1980” олон зүйл дээр шүүмжлэл дагуулсан юм. Хамгийн их хэл ам таталсан нь олимпын тосгон. Хүйт даасан бетонон хана бүхий өрөө нь яг л шоронд хоригдсон мэт сэтгэгдэл төрүүлсэн хэмээн олон тамирчин гомдолложээ. Мөн нийтийн тээврийн сүлжээ оновчтой биш, тасалбар түгээх цэгийн байршил хэтэрхий цөөн гээд асуудал их байлаа. Бас нэг хүндрэл тулгарсан нь цанын тэмцээн явуулахад цасны хүрэлцээ муу байв. Тиймээс зохион байгуулагчид хиймэл цас ашиглахаар шийдэж, энэ ажилд таван сая гаруй доллар зарцуулсан гэдэг.


Олимпын наадам хоёрдугаар сарын 14-23-ны өдрүүдэд болоход 37 орны 1072 тамирчин /232 нь эмэгтэй/ спортын зургаан төрөлд 38 багц медалийн төлөө өрсөлдөв. Кипр, Коста- Рика улс цагаан олимпод дебютээ хийсэн бол өмнө нь Тайваньтай нэгдэн ордог байсан хятадууд анх удаа дангаараа оролцжээ.


Лейк-Плэсидийн хиймэл цас Шведийн И.Стенмаркд зэгсэн зохицож, уулын цанын слалом, жиант слаломын төрөлд түрүүлэв. Тэрбээр олимп эхлэхээс таван сарын өмнө хүнд гэмтэл авсан ч гэмтлээ ялан дийлж, хошой алт авсан нь гайхалтай. Түүнчлэн “Инсбрук-1976”-гаас улсынхаа өвлийн олимпын түүхэн дэх анхны медалийг /хүрэл/ авчирсан Лихтенштейний уулын цаначин бүсгүй Х.Вензел энэ удаа хоёр төрөлд аваргалж, үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдөх болов.


Тэрбээр даунхилийн төрөлд түрүүлэх боломжтой байсан ч ялимгүй алдаа гарган хоёрт орсон байна. Вензел олимпоос алт авсан Лихтенштейний эхний бөгөөд эцсийн тамирчин юм. Түүнчлэн Лихтенштейн олимпын аваргатай хамгийн жижиг улсаар тодорчээ. Түүний хоёр алтын ачаар Лихтенштенй нийлбэр дүнгээр зургаад жагсаж, Норвеги, Финланд, Швейцар, Итали, Франц, ХБНГУ зэрэг өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудыг ардаа орхилоо.



Олимпын гол баатар нь Америкийн тэшүүрч Эрик Хайден байв. Тэрбээр гүйлтийн тэшүүрийн бүх зай болох 500, 1000, 1500, 5000, 10000 метрт аваргалж, нэг олимпоос таван алт авсан анхны тамирчнаар тодорчээ. Тэрбээр ингэхдээ дэлхийн рекордыг нэг, олимпын рекордыг дөрвөнтээ эвдсэн байна. Түүний бага дүү Бет 3000 метрээс хүрэл медаль авч, ах, дүүс нутгийн дэвжээн дээрээ сайхан наадлаа.


“Лейк-Плэсид-1980”-аас өөр олон баатар төрөн гарсан. ЗХУ-ын уран гулгагч Ирина Роднина гурван олимп дараалан хосын төрөлд аваргалж, хожим эвдэхэд бэрх амжилтыг тогтоолоо. Тэрбээр шагналын тавцанд зогсохдоо сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс унагасан нь олимпын наадмын торгон агшны нэг болон үлджээ. Энэ алдарт тамирчин олимпын дараа зодог тайлж, улмаар 1990 онд Америкт дасгалжуулагчаар ажиллахаар одсон юм. Хожим түүний агуу амжилтын талаар өгүүлсэн “Аваргын нулимс” ном хэвлэгдэн гарч байв.




Мөн Зөвлөлтийн биатлонч Александр Тихонов дөрвөн олимп дараалан буухиа төрөлд аваргалж, өвөрмөц амжилт тогтоов. Биатлоны спринт уралдаан наадмын хөтөлбөрт анх удаа багтахад БНАГУ-ын Франк Ульрих ялагчаар тодорсон байна.


Зөвлөлтийн М.Черкасова ердөө 15 нас, 3 сартайдаа уран гулгалтын хосын төрлөөс мөнгөн медаль зүүв. Түүнчлэн унгарчууд 1956 оноос хойших анхны медалиа бүжгийн хос төрлөөр авчээ. Болгарын цаначин И.Лебанова 30 км-ын уралдаанаас хүрэл медаль авч, улсынхаа түүхэнд өвлийн олимпын анхны медальтнаар тодорсон юм.


Цанын 15 км-ын уралдааны бариа сэтгэл хөдөлгөм өрнөж, олон жил ам дамжин яригдсан. Шведийн Томас Вассберг, Финландын Юху Мието нар төгсгөлд ана мана үзэлцэж, нэгэн зэрэг барианд оржээ. Шүүгчид бариаг сайтар нягталсны эцэст Вассберг өрсөлдөгчөөсөө 0.01 секундын өмнө барианд орсныг тогтоосон байна. Цанын спортын түүхэнд ийм ширүүн өрсөлдөөн урьд өмнө өрнөж байсангүй.


Энэ олимпын хамгийн онцлох мөч хоккейн тэмцээний үеэр тохиосныг хүмүүс санаж буй биз ээ. Коллежийн тоглогчдоос бүрдсэн Америкийн шигшээ дөрвөн олимп дараалан түрүүлсэн Зөвлөлтийн агуу багийг 4:3-аар хожин алтан медаль зүүж, олон жил яригдах сенсаацыг дэгдээв. Олимпын өмнө энэ хоёр баг нөхөрсөг тоглолт хийхэд зөвлөлтүүд 10:3-аар бут цохисон. Гэхдээ гол өрсөлдөгчтэйгөө олимпын өмнө тоглосон нь В.Тихоновын хувьд тактикийн алдаа болсон гэж үздэг.


Америкийн дасгалжуулагч Х.Брукс энэ хожигдолдоо дүгнэлт хийж, ялагдашгүй “Улаан машин”-ыг буулгаж авсан түүхтэй. Владислав Третьяк, Борис Михайлов, Валерий Харламов, Вячеслав Фетисов, Владимир Крутов, Сергей Макаров нарын ододтой Зөвлөлтийн шигшээ бусад зургаан багийг хожихдоо 60 шайб хийж, 13-ыг алдсан. Гэвч шийдвэрлэх тулаанд америк залуусыг барсангүй. Тэд тоглолтод 1:0, 2:1, 3:2 гэх зэргээр давамгайлж байсан ч сүүлийн үед Х.Бруксын шавь нар хоёр шайб хийж чадсан юм. Улс төр, эдийн засаг, спорт гээд бүхий л салбарт хүчтэй өрсөлдөгч нь байдаг Зөвлөлтийн багийг өөрийн талбайдаа хожсон энэхүү явдлыг америкчууд “Мөсөн дээрх гайхамшиг” хэмээн нэрлэдэг. Хожим энэ түүхээс сэдэвлэсэн кино хүртэл гарсан билээ.




Олимпын хоккейн тэмцээний бас нэгэн сенсаацыг канадчууд тарьсан. “Агч навчит орон”-ы баг өмнөх хоёр олимпыг өнжсөний эцэст эргэн ирсэн ч хэсгээсээ ч шалгарч чадаагүй юм. Хоккейн эх орныхны хувьд энэ нь олимпын түүхэн дэх хамгийн тааруу амжилт нь байлаа.


Олимпын нээлтийн ёслолын үеэр Канадын шигшээ багийг хүмүүс халуун дотно хүлээн авсан. 1979 оны сүүлээр Ираны нийслэл Тегеранд Америкийн ЭСЯ-ыг радикал үзэлт оюутнууд эзлэн авахад Канадын дипломатчид зургаан америк иргэнийг аварч, эх орондоо аваачсан байна. Гэхдээ ЭСЯ-ны 52 ажилтан барьцаанд үлдсэн хэвээр байсан тул Ираны шигшээ баг олимпод оролцох талаар яриа ч гараагүй юм.


Багийн дүнгээр урьдын адил ЗХУ тэргүүллээ. Германчууд хоёр тусдаа орсон ч Зүүн Герман нь багийн дүнгээр хоёрт жагсаж, спортын том гүрэн гэдгээ харуулав. Тэд нийт медалийн тоогоор Зөвлөлтийн өмнө орсон ч алтан медалийн чанараар хойно нь бичигдсэн юм. Америкийн хувьд тэшүүрийн Хайден нь тав, хоккейчид нь нэг алт авчирсан ч бусад төрөлд аваргалж чадалгүй гуравт орсон юм.


Өмнөх олимпыг өнжсөн Монгол Улс энэ удаа цана, тэшүүрийн төрөлд гурван тамирчинтай оролцлоо. Өдгөөгийн гавьяат тамирчин Л.Дорж цанын 15 км-т 48, 30 км-т 52, 50 км-т 36 дугаар байр эзэлсэн байна. Харин Т.Нямдаваа тэшүүрийн 500 м-т 35, 1000 м-т 37,1500 м-т 31, 5000 м-т 29 дүгээр байр эзэлжээ. Мөн Д.Цэнддоо тэшүүрийн 500 м-т 34, 1000 м-т 38, 1500 м-т 37 дугаар байрт орсон амжилтаар олимпыг өндөрлүүлжээ.

 

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс                       Алт   Мөнгө    Хүрэл Нийт

1. ЗХУ                    10        6             6       22

2. БНАГУ                9         7             7        23

3. АНУ                    4         2             1        2

4. Австри               3         2             2        7

5. Швед                 3         -              1        4

6. Лихтенштейн    2         2             -         4

7. Финланд           1          5            3         9

8. Норвеги           1          3            6       10

9. Нидерланд       1          2            1        4

10. Швейцар        1          1            3        5

11. Их Британи    1          -             -        1

12. ХБНГУ             -          2            3        5

13. Итали             -           2            -        2

14.  Канад             -           1            1        2

15-16. Унгар         -          1            -        1

15-16. Япон          -          1            -        1

17-19. Чехословак   -      -            1        1

17-19 .Болгар      -           -            1        1

17-19. Франц      -           -            1        1

Нийт                 38         39          38       115

Related news