Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-01 10:17:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа Монголчууд та бүхэндээ XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн мэндийг Анхдагч алдартнуудын өлгий нутаг Булганчуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Хэдийгээр дэлхий нийт, монголчуудын хувьд цар тахлын хүнд үе тохиосон ч улиран одож буй төмөр үхэр жил Булганчууд бидний хувьд ажил өрнөж, амьдрал ундарсан жил байлаа. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний бэлгэшээдгээр малчид, тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргээ чанаржуулан өсгөж, аймгийн хэмжээнд хураан авсан үр тарианы хэмжээгээр 1990 оноос хойш хамгийн өндөр буюу 67.0 мянган тн ургац хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадлаа.

Аймгийн төсвийн орлогоо 4.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж эдийн засгийн хувьд өсөлттэй жил байлаа.

2021 оныг аймгийн хэмжээнд “Үндэсний өв, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх жил”, “Бүтээмжийн жил” болгон зарласнаар үндэсний бичиг сурталчлах, суралцах, түгээн дэлгэрүүлэх, ажлын бүтээмж чанар дээшлэхэд чухал алхам боллоо хэмээн аймгийн Засаг дарга онцлон дурджээ.

Ирж буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Related news