А.Алтаншагай: Технологийн хөгжлийн араас гүйх биш, ирээдүйд хийх зүйлийг мэдэрч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-17 16:03:51

Увс /МОНЦАМЭ/ “Жаргалын үүд” эмнэлэг Увс аймагт үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр оныг үдэж байна. Аймгийнхаа ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх зорилготой тус эмнэлгийн эрхлэгч эмч Анхбаярын Алтаншагайтай уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?

-Намайг Анхбаярын Алтаншагай гэдэг. Дүрс оношилгооны их эмч мэргэжилтэй. 2009 онд Эрдэм-Оргил цогцолбор сургууль, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. 2015 оноос Бат-Үржихүй өрхийн эрүүл мэндийн төвд их эмч, Улаангом сумын ЗДТГ-т эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2017-2019 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд дүрс оношилгооны нарийн мэргэжил эзэмшиж, мөн Норвеги улсад хэт авиан оношилгооны курст суралцсан. Улмаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаад орон нутагтаа ирсэн.

-Увсад хэзээ хувийн эмнэлэг байгуулсан бэ?

-“Жаргалын үүд” эмнэлгээ нарийн мэргэжил эзэмшиж ирээд 2020 оны 10 дугаар сард байгуулсан. Анх манайх хэт авиан чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Жил гаруй тэгж яваад 2021 оны 9 дүгээр сараас рентген оношилгоо нэвтрүүлсэн. Энэ нь уушиг, яс гэх мэт бүхий л дүрсийг авдаг. Хэт авиан шинжилгээ гэхээр хэвлийн цулын эрхтнүүд болох хөх, бамбай, үе мөч, судас зэрэг шинжилгээ хийдэг. Мөн захын судасны хэт авиан оношилгоо хийж байгаа. Хөх, бамбайд хавдар илэрсэн тохиолдолд түүний хортой, хоргүйг 85 хувийн магадлалтай Эластографи шинжилгээ нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэснээр хот явах тохиолдлыг бууруулах боломжтой юм.

-Танайх сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан уу?

-Хувийн эмнэлгүүд дотроос манайх анхдагч нь болж рентген аппарат оруулж ирсэн. Нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй, хүмүүс цаг авах гэж дугаарлан, дараалал ихтэй байдаг. Энэ байдлыг арилгахад бид тодорхой хувь нэмэр оруулж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цээжний зураг авлаа гэхэд уушгины рентген зурган дээр хиймэл оюун ухааны алгоритм давхар ашиглаж байна. Энэ нь тодорхой нэг зураг авлаа гэхэд эмч уншаад дүгнэлт гарган, мөн хиймэл оюун ухааны программаар давхар дүгнэлт гаргана. Ингэснээр тухайн эмч алдаа гаргах магадлалыг маш өндөр хувиар бууруулж байгаа гэсэн үг. 

Хиймэл оюун ухаан гэдэг нь хэдэн сая хүний зурагт үндэслэн гарсан алгоритм юм. Одоохондоо дэлхий дахинд эмчийг 100 хувь орлох технологи хаана ч байхгүй. Эмчид туслах маягаар ашигладаг энэ программыг манайх нэвтрүүлсэн. Мөн манай эмнэлгийн цахим систем иргэдэд нээлттэй байдаг. Өөрсдийн шинжилгээ, оношилгооны хариуг иргэд цахим орчинд, хаанаас ч олж харах, татаж авах, хэвлэх боломжтой.

-Хиймэл оюун ухаан давхар ашиглаж байгаа эмнэлэг орон нутагт олон байгаа юу?

-Увс аймагт манайхаас өөр газар байхгүй. Монгол Улсад цөөхөн хэдэн хувийн эмнэлэг туршилтын журмаар ашиглаж эхэлж байгаа. Манайх тэдний нэг болоод явж байгаадаа баяртай байна. Аль болох технологийн хөгжлийн араас гүйх биш, ирээдүйд хийх зүйлийг мэдэрч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа.

-Орон нутагтаа шинээр нэвтрүүлэхийг хүсэж байгаа өөр техник, технологи юу байна?

-Бодсон зүйл их байгаа. Манайх алслагдсан аймаг болохоор хот руу эмчилгээнд явж байгаа хүмүүсийн дийлэнх нь онош тодруулах гэж явдаг. Гэтэл онош тодруулахад дүрс оношилгооны үүрэг өндөр байдаг. Одоогоор манай аймагт өндөр хүчин чадлын компьютер томографи, соронзон резонансын томографи буюу MRI шинжилгээ хийхгүй байна. Иргэд хот явж маш их зардал гаргадаг. Иймээс ойрын 1, 2 жилийн зорилго гэвэл компьютер томографи оруулж ирэхээр төлөвлөөд ­­байна.

-Залуу хүн хувийн эмнэлэг ажиллуулахад тулгамдаж байгаа зүйл юу байна?

-Эмнэлэг байгуулаад ажиллаж байхад ямар ч хүндрэл гараагүй. Тоног төхөөрөмж авах, үйл ажиллагаагаа тэлэх, шинээр бизнес эхлэхэд зээл олдох нь жаахан төвөгтэй байдаг юм билээ. Бизнесийн ямар ч туршлагагүй, шинээр ажил эхэлж байгаа залуу хүнд энэ нь хаалт болдог юм шиг санагдсан. Аймаг орон нутгийн удирдлагууд шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлж байгааг маань сайшаалтай хүлээж авч байгаад баяртай байна.

-Цар тахлын үед хувийн эмнэлэг нээж ажиллуулж байгаа нь сайшаалтай байна шүү?

-Коронавирусний халдварын дэгдэлтийн оргил үед уушгины рентген зураг авах ажил ачаалал ихтэй байсан. Ойрдоо коронавирусний халдвар харьцангуй багасаад намжих тийшээ орж байна. Энэ нь өдөр тутам уушгины зураг авахуулж байгаа хүний тоо, мөн тухайн хүмүүсийн уушгины хүндрэл бага байгаагаас ажиглагдаж байна. Анхны дельта вирусний үед уушгины хүндрэл, хатгалгаа, үлдэц их байсан бол сүүлийн омикроны үед харьцангуй гайгүй байна.

-Танай үзлэгийн үнэ ханш өндөр үү?

-Илүү олон хүнд хүрч үйлчлэх гэдэг талаасаа, мөн хүн бүхэн өндөр үнэ төлөөд үйлчилгээ авах боломжгүй учир уян хатан тохируулсан. Улаанбаатарын дундаж хувийн эмнэлгүүдээс бараг 2 дахин бага тарифаар үйлчилж байна. Одоогоор иргэд өөрсдөө төлбөрөө төлөөд үйлчлүүлдэг. Цаашид эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль хэрэгжээд эхэлбэл манайх шиг клиник эмнэлгүүд хамрагдах боломжтой юм билээ. Одоохондоо хугацаа тодорхойгүй байна. Хэрэгжээд эхэлбэл иргэд өөрсдийн хүссэн клиник эмнэлгээсээ дурын үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Даатгалаараа үйлчилгээ авна гэсэн үг. Тэгвэл бид тоног төхөөрөмжөө нэмэх, хүчин чадлаа сайжруулах боломжтой болох юм.

-Танайх мэргэжлийн боловсон хүчнээр хэрхэн хангагдсан бэ?

-Насаараа Нэгдсэн эмнэлгийн рентген техникч хийсэн хүн манайд ажиллаж байгаа. Дүрс оношилгооны эмчээр би өөрөө ажилладаг.

-Залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Залуу хүмүүс хөгжил дэвшил, технологи дагаад хотын томоохон эмнэлэгт ажиллах сонирхолтой байдаг. Ерөнхийдөө орон нутагт ирж ажиллах сонирхол багатай. Гэтэл сүүлийн үед залуучуудын бодол өөрчлөгдөж байгаа. Нутгаа зорин ирж ажиллах тохиолдол нь ч нэмэгдэж байна. Улаанбаатарын түгжрэлтэй, стресстэй тийм орчноос илүү өөрөө өөртөө цаг гаргах боломжтой орчинд, нутагтаа ирж сурсан мэдсэн зүйлээ иргэдийнхээ төлөө зориулъя гэж үе тэнгийн залуу эмч нартаа хандаж уриалмаар байна.

-Танд баярлалаа.

Related news