Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г гаргажээ.
Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд түлхэц болно хэмээн үзэж байгаа аж.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай байна. Мөн 15 ба түүнээс дээш насныхны 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ.
Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн:
97.9 хувь нь гар утастай
97,3 хувь нь телевизтэй
80.0 хувь нь интернэттэй
8.1 хувь нь радиотой
9.0 хувь нь суурин утастай
33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ.
Энэхүү судалгаа нь Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой аж.
Судалгааг энд дарж үзнэ үү.