“Бэрх биш ээлтэй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-24 18:13:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл" хуралдлаа.
Аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан уг салбар зөвлөл өнгөрсөн оны ажлын тайлангаа хэлэлцэж, энэ онд хийх ажлаа төлөвлөн баталлаа. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан “Жаргалан” төвийг барих ажлыг эхлүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх, хувийн туслах үйлчилгээг үргэлжлүүлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүнийхээ хүрээнд “Бэрх биш ээлтэй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд үйл ажиллагаагаа явуулах боломжийг нээж “Багшийн хөгжил”-ийн ордонд оффис өрөөг шийдвэрлэсэн. Мөн 40 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж төсөлд хамруулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа 40 асран хамгаалагчийн нийгмийн даатгалыг бүтэн жилээр, 17 асран хамгаалагчийн эрүүл мэндийн даатгалыг 2 хүртэл жилээр нөхөн төлөлтийг хийж дэмжлэг туслалцаа үзүүлээд байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн гадна авто зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй орчны үнэлгээг хийж, байгууллага иргэдийн ойлголт хандлагыг сайжруулах сургалт сурталчилгааг өргөжүүлэн ажиллаж байна.
Related news