“Хүчирхийллийн эсрэг хүн бүр гэрэл асаая” хэлэлцүүлэг болж байна

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-03-04 11:14:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүчирхийллийн эсрэг хүн бүр гэрэл асаая” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат “хүчирхийллийг үл тэвчдэг, хүн бүрийн эрхийг хүндэтгэсэн соёлыг түгээхэд нийгмийн бүхий л салбарууд, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах нь зүйн хэрэг юм. Энэхүү эмзэг асуудлаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хүчирхийллийн хохирогчид хариу үйлчилгээг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, зохион байгуулалтын ажлын үр нөлөөг сайжруулахад энэ хэлэлцүүлэг тодорхой үр дүн хүргэнэ” гэж хэллээ.

Хэлэлцүүлэгт аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилд бүртгэгдсэн хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо, хамтарсан багийн үйлчилгээ, салбар дундын хамтын ажиллагаа, хүчирхийлэл ба эрүүл мэнд зэрэг сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл тавьж хэлэлцүүлж байна.

          Тус хэлэлцүүлгээс олон нийтэд хандсан уриалга гаргахаар төлөвлөж байна.

Related news