“Парис-2024” наадмыг зохион байгуулагчид 13.4 сая тасалбар худалдаалахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙД | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-03-23 15:01:19

ПАРИС. /France24/. “Парис-2024” олимпын наадмын үеэр түүхэндээ хамгийн олон буюу 10 сая тасалбар, паралимпын үеэр 3.4 сая тасалбар худалдаалахаар төлөвлөж байна тус наадмыг зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге мэдээлжээ.


“Лондон-2012” наадмын үеэр есөн сая тасалбар худалдаанд гаргаснаас 8.2 саяыг нь худалдаалж байсан бол “Атланта-1996” наадмын үеэр 11 сая тасалбар худалдаанд гаргаж, 8.3 сая нь худалдаалагдаж байжээ.


“Бид 13.4 сая тасалбар худалдаанд гаргах бөгөөд 10 сая нь олимпын наадамд, 3.4 сая нь паралимпын наадамд зориулагдана. Энэ бол амбицтай зорилт. “Парис-2024” ер бусын наадам болно гэдэгт итгэж байна” гэж наадмыг зохион байгуулах хорооны дарга ярьжээ.


Т.Эстангегийн хэлснээр, олимпын наадмын хамгийн хямд тасалбар 24 евро, паралимпынх 15 еврогийн үнэтэй байх бөгөөд нийт тасалбарын тэн хагас нь 50-иас доош еврогийн үнэтэй байх ажээ. Энэхүү наадмын тасалбарыг 2023 оноос худалдаалж эхлэх төлөвтэй байна. 

Related news