Х.Төгөлдөр: Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг тул хувь хүн та өөрөө л цэг тавьж, таслан зогсоож чадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-30 15:57:56

Увс /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллийн сөрөг үр дагавар, нөхцөл байдлын талаар Прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Х.Төгөлдөртэй ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодийн хүчирхийлэл биш гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй юм шиг?

-2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдаж, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнтэй холбоотой өмнө нь мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг тусад нь бие даасан гэмт хэрэг, зөрчлөөр оруулан тооцдог болсон байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нь дотроо бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн гэсэн 4 хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл зөвхөн бие махбодийн хүчирхийллийг хүчирхийлэл гэж үзэх хандлага байна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг нь гэр бүлийн гишүүд нэгнээ хүч, эрх мэдлээрээ давамгайлж, бие махбодид нь халдан зодох, сэтгэл санааны шаналал үүсгэх, бэлгийн болон эдийн засгийн халдашгүй байдалд нь хохирол учруулах зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл юм. Энэ үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүдийн дунд үүссэн байхыг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл хэмээн зүйлчилсэн байдаг.

-Сэтгэл санааны хүчирхийлэл хэрхэн үйлдэгддэг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр дан ганц бие махбодийн хүчирхийлэл гэсэн ойлголт нийгэмд байсаар байна. Гэтэл бие махбодийн хүчирхийлэл нь сэтгэл санааны хүчирхийлэлтэйгээ давхар үйлдэгдэх тохиолдол түгээмэл гардаг. Сэтгэл санааны хүчирхийллийг байдаг л энгийн зүйл мэт ойлгож, нийгмээрээ орхигдуулсан асуудал бий. Үнэн хэрэгтээ сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнхоо эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадах, мөрдөн мөшгөх, зүй бус үг хэллэгээр гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах зэрэг сэтгэл санааны шаналал үүсгэсэн байдлаар илэрнэ. Хор хохирлын хувьд олон сөрөг үр дагавартай. Хохирогчийг амьдрах хүсэлгүй болгох, эцэстээ амиа хорлоход хүргэх эрсдэлтэй байдаг.

-Хүчирхийлэл үйлдсэн иргэнд оногдуулах хариуцлагын тухайд?

-Хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь хохирол, хор уршгаараа ялгаатай. 2015 оны Эрүүгийн хуульд 7 төрлийн гэмт хэрэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож нийтэд тустай ажил хийлгэх, торгох, хорих ял шийтгэхээр заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 5.4-р зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдан зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын өмч хөрөнгийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхэд нь халдсан бол 10-50 цагийн албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байдаг.

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдалд хийсэн судалгааг дүгнэвэл?

-Прокурорын газраас зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж үзсэн. Судалгаагаар хүчирхийлэл үйлдэгчийн 95-аас дээш хувь нь эрэгтэйчүүд байдаг бол 60-аас дээш хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг байна. Мөн гэмт хэргийн орчны хувьд 95-аас дээш хувь нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэж тогтоогдсон. Ер нь хүчирхийллийн хохирогч нь гол төлөв эмэгтэйчүүд, хүүхэд байдаг учраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.

-Иргэдэд хандаж юу хэлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл нь гол төлөв далд хэлбэрээр үйлдэгддэг. Хүчирхийлэлд өртсөнөө нуун дарагдуулах нь эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодийн олон хор уршиг дагуулдаг. Тухайлбал цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл даамжирч, илүү ноцтой болж байдаг. Иймд хүчирхийллийг цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, хүүхдийн тусламжийн 108 утас, гэр бүлийн хүчирхийллийн зөвлөгөө мэдээллийн 107 утас болон харьяа сум, багийн хамтарсан багт мэдэгдэж тусламж авах боломжтой. Хүчирхийлэл нь урт болон дунд хугацаанд хувь хүн, нийгмийн сэтгэлзүйд сөрөг нөлөөллийг үзүүлж байдаг учраас хүчирхийллийн хохирогч нь насан туршдаа сөрөг дурсамжаа даван туулж амьдардаг.

Иймд хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүлийн гишүүд нэгнээ ойлгох, харилцан ярилцах, аливаа асуудлыг эерэгээр хүлээцтэй шийдвэрлэх нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж чадна. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг тул хувь хүн та өөрөө л цэг тавьж, таслан зогсоож чадна.

-Ярилцсанд баярлалаа.

Related news