Б.Оюунсүрэн: Хавдар, чихрийн шижинтэй өвчтөн “Эмч” аппликейшныг сонгон үйлчлүүлэх сонирхолтой болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2022-04-19 07:52:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Телемидицин буюу зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх аппликейшныг эх орондоо нэвтрүүлээд буй Эмч апп, “Нэкст Сошиал Платформ Экспертс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунсүрэнтэй ярилцлаа.


-Эмч аппликейшныг манай улсад хэзээнээс нэвтрүүлж эхлэв. Монголдоо анхдагч гэж ойлгож болох уу?

-Телемидицин буюу зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ АНУ болон Европт 1960-1970 оноос эхлэн хөгжсөн. Харин манай улсад цар тахал гарснаас хойш буюу 2021 оны зургаадугаар сард энэхүү аппликейшныг нэвтрүүлж эхэлсэн.

Монгол Улс төдийгүй дэлхий дахинд иргэдийн өвчлөлийн түвшин, оношилгоо эмчилгээний хугацаа, хүн амын газар зүйн тархалт, боловсролын түвшин, тоног төхөөрөмжийн болон салбарын хүн хүчний дутагдал нь эрүүл мэндийн салбарт тулгарч буй сорилт болоод байна.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монгол Улсын хүн амын өвчнөөс хамааралтай нас баралтын шалтгааны 70 хувь нь эрт илрүүлэх болон урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл байдаг байна. Тиймээс иргэд эрүүл мэнддээ анхааран, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байвал энэ тоог бууруулах боломжтой. Иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгон, эрүүл амьдралын хэв маягт сургаж, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг дижитал технологийн тусламжтай ойртуулснаар Монгол хүний дундаж наслалтыг 80 насанд хүргэх зорилго дор нэгдэн “Эмч” аппликейшны хамт олон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манайхтай ижил үйлчилгээ явуулдаг Клиника гэж аппликейшн бий. 


-Эмч аппликейшн бусад ижил үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас юугаараа онцлогтой вэ?

-Манай улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд төвлөрч амьдардаг, авто замын түгжрэл, эмнэлгийн дараалал ихтэйн улмаас цагийн ажилтай хүн эмнэлгээр явах гэж бүтэн өдрийн ажлаа алддаг. Хөдөө орон нутгийн иргэд баг, сум, аймаг, нийслэл гэсэн дамжлагыг дамжиж, олон зуун км замыг туулж нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээнд хүрдэг тул эрүүл мэндээ хойш тавьсаар л байдаг. Гадаадад ажиллаж амьдардаг Монголчууд оршин суух эрхгүй, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй, эрүүл мэндийн үйлчилгээ асар өндөр өртөгтэй, хэлний бэрхшээлээс хамааран мөн л адил эрүүл мэндээ хойш тавьсаар л байдаг. Эдгээр бэрхшээлтэй нүүр тулж буй иргэдийг нарийн мэргэжлийн шилдэг эмч нартай холбож өгч ойртуулж буйгаараа манай аппликейшн онцлогтой. Интернет холбогдож байгаа аль ч газраас, хүссэн цагтаа холбогдох боломжтой. Манай эмч нар нарийн мэргэжлийн лицензтэй, 10-аас дээш жил ажилласан туршлагатай, салбарын тэргүүлэгч эмч нар байдаг. Мөн манай аппликейшн Олон улсын телемидицин, зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбооны цорын ганц Монгол дахь гишүүн. Тус байгууллагаас зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, үр дүнтэй үзүүлэх туршлага, зөвлөмж тогтмол авч олон улсын стандартын дагуу хэрэгжүүлээд явж байна. Түүнчлэн анагаахын шинжлэх ухаан олон улсад precision medicine буюу хувь хүнд зориулсан, удамшил, хүрээлэн буй орчин, амьдралын хэв маягаас хамааран хамгийн тохиромжтой эмчилгээг санал болгодог чиглэл рүү хөгжиж байна. Манай эмч нар ч мөн энэ жишгээр хүн хүний онцлогт тохируулан эмчилгээ зөвлөдөг, иргэд тухайн зөвлөгөөг дадал болгон мөрдвөл урт хугацаанд эрүүл байх боломжтой байдаг.


-Тухайлбал, ЭМЯ-наас утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулж байсан. Түүнээс юугаараа ялгагдах вэ?

-Манай аппликейшнд бүх чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. Нарийн мэргэжлийн шилдэг эмч нар нэг платформоор үйлчилгээ үзүүлэх нь хэрэглэгчдэд болон эмч нарт маш олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, онош нь тодроогүй, эмчилгээ таараагүй хэрэглэгч бидэнд хандлаа гэхэд үндсэн эмчлэгч эмчээс гадна дотрын эмч, хавдрын эмч, шим тэжээл судлаач, сэтгэл зүйч нар хоёрдогч эмчээр хамтран оролцож онош тавих, эмчлэх боломжтой. Бодит эмнэлэгт тэр олон эмч нарыг нэг дор цуглуулж, конфренс зохион байгуулаад байх боломжгүй шүү дээ. Манайд мөн гадаад улсын эмнэлэг, их сургуулиудад ажилладаг эмч нар цөөнгүй бий. Японд байгаа хавдрын эмч гэхэд тухайн улсад анагаах ухаан хэр өндөр хөгжсөн билээ, тэр жишгээр эмчилгээ зөвлөдөг. Гадаадад өндрөөр үнэлэгддэг, хүлээн зөвшөөрөгдсөн эмчээс манай иргэд эх орноосоо ижил түвшний эмчилгээ үйлчилгээ авч байна гэсэн үг юм.


-Хэчнээн эмч ажиллаж байгаа вэ?

-Одоогоор 200 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна. Тэдний 30 хувь нь гадаадад, 70 хувь нь дотоодод ажилладаг эмч мэргэжилтэн, эрдэмтэн багш нар байна.


-Иргэд ямар ямар төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?

-Видео дуудлагаар эмч нартай шууд ярилцаж, шинжилгээнийхээ хариуг хуваалцан зөвлөгөө авах боломжтой. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, зүрх судас, хоол боловсруулах тогтолцооны гэх зэрэг 250 орчим нарийн мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл авч болно. Түүнчлэн манай эмч мэргэжилтний оюуны бүтээл болох эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан манай апп-д бий. Тухайлбал, толгойн өвдөлт ийм ийм шалтгааны улмаас үүсдэг, эрүүл амьдралын хэв маягаар хэрхэн эмчлэх боломжтой талаар мэдээлэл өгдөг булантай. Мөн оператор эмч 24 цагаар ажиллаж байгаа. Иргэд үнэ төлбөргүй ерөнхий эмчийн зөвлөгөөг авч болохоос гадна нарийн мэргэжлийн эмчтэй холбогдох шаардлагатай бол тухайн эмчтэй бид холбож өгнө.


-Төлбөрийн хувьд хувийн эмнэлгүүдтэй харьцуулахад ямар байгаа вэ?

-Эмч нар цагийн үнэлгээгээ өөрсдөө шийддэг. Энэ нь хувийн эмнэлгүүдийн тарифаас өндөр биш. Хамгийн ихдээ 50 мянган төгрөг, багадаа 10, 20 мянган төгрөгөөр эмч нар маань зөвлөгөө өгч байна.


-Ковидын үед хөл хорио тогтоосноор иргэд гэрээсээ эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлага, сонирхол ихэссэн. Олон улсад нэвтрээд буй энэхүү үйлчилгээг манай улсад нэвтрүүлснээр иргэд хэр үйлчлүүлж байна вэ?

-Анагаах ухааны ирээдүй гэгдэж буй энэ салбар “Ковид-19” халдвараас хамааран дэлхий дахинд асар хурдтай хөгжиж байна. Манай иргэд ч мөн цахим эрүүл мэндийн үйлчилгээг маш сайн хүлээж авч, хэрэглэж хэвшиж байна. Одоогоор манай аппликейшн 60 мянган хэрэглэгчтэй, тэдгээр үйлчлүүлэгчид тогтмол зөвлөгөө аваад явж байна.


-Иргэд ямар чиглэлийн зөвлөгөө мэдээллийг түлхүү авч байна вэ?

-Өссөн дүнгээр нь харвал бүх чиглэлийн үзлэгийн тоо жигд байна. Өнгөрсөн онд манай улсад “Ковид-19” халдвар их байснаас амьсгалын тогтолцооны эмгэг, long-covid буюу ковидын дараах эмчилгээний зөвлөгөөг өгөх болсон. Манай улсад өвчлөлийн түвшин өндөр байдаг хоол боловсруулах эрхтэн, дотрын эмч нар мөн захиалга ихтэй байдаг. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэлд томуугийн халдвар их байгаагаас хүүхдийн эмч нарын цаг эрэлт ихтэй байна. Хавдар, чихрийн шижин, дотоод шүүрэл, ревматологийн байнгын хяналтад байдаг өвчтөн эмнэлэг рүү дахин дахин явалгүйгээр тогтмол хяналтаа манай апп-р авдаг. Эдгээр чиглэл манай аппликейшны хамгийн их үзлэгийг эзэлж байна.


-Цагийн хуваарийн тухайд?

-Нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөөний цагаа өөрсдөө тохируулдаг, аппликейшн рүү ороод харах боломжтой. Бидний бүтээсэн AI буюу хиймэл оюун ухаан суурьтай эрүүл мэндийн онлайн зөвлөх болон лицензтэй ерөнхий эмчийн үйлчилгээ 24 цаг нээлттэй байдаг.


-Цаашдын зорилго зорилтоосоо хуваалцана уу?

-Технологи, эрүүл мэндийг хослуулж буй старт-ап компанийн хувьд бид энэхүү аппликейшныхаа хувилбарыг олон улсад гаргахаар ажиллаж байна. Эхний зорилтот зах зээлээр Турк улсыг сонгосон, Турк улсад ажилладаг Монгол болон Турк эмч нартай хамтран энэ оны зургаадугаар сараас эхлэн тус зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлнэ. 


Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс:


 


Related news