С.Энхболд: Иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал Монгол Улс эрүүл мэндийн дататай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2022-04-29 12:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг орон даяар тавдугаар сарын нэгнээс эхлүүлнэ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх шинжилгээний бэлтгэл ажлыг хэрхэн хийж байна вэ?

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Алсын хараа-2050, “Монгол Улсын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т иргэн бүрийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд тотмол хамрагддаг болохыг хэвшүүлэх тухай заасан байдаг. Энэ хүрээнд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд зохих бэлтгэл ажлыг хангаад байна. Илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм.

2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн боловч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Тиймээс өргөн цар хүрээнд бүх иргэнийг хамруулахаар журам тогтоолыг өөрчилсөн.


-Энэ удаа ямар насны ангиллаар, хэдэн төрлийн шинжилгээ хийх вэ?

-Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хэд хэдэн онцлогтой. Журмын дагуу зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. 17 хүртэлх насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум болон өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлнэ.  Харин 18-аас дээш насны иргэдийг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхээр зохион байгуулсан.

Урьдчилан сэргийлэх үзлэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Иргэдийн дунд энэхүү урьдчилан сэргийлэх үззлэг сар үргэлжлээд дуусах юм шиг буруу ойлголт гарч байна. Эхний ээлжинд манай улсад зонхилон тэргүүлж буй зүрх судас, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах болон нас барж буй өвчлөлийн шалтгаан руу чиглэсэн багц гаргасан. 17 хүртэлх насны багцад зан төрхийн өөрчлөлт, амны хөндий, өсөлт, биеийн жингийн үзүүлэлт, 18-аас дээш насанд 19 төрлийн шинжилгээг багтаасан. Мөн хавдрыг илрүүлэх зорилгоор багцад оруулсан.


-Иргэд харьяа дүүргийн эмнэлгүүддээ дараалал үүсгэж эхлэх вий. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ? Хэрхэн хамрагдах талаар иргэддээ мэдээлэл өгөөч?


-Нийслэлийн хэмжээнд тухайн амьдарч буй дүүргийн өрх, хорооноос иргэнд мэдээлэл хүргэнэ. Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Гэрээ байгуулсан зарим хувийн хэвшлийн эмнэлэг бямба гарагт ажиллахаар зохион байгуулсан.

Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Скайтелын 9119 дугаараас залгавал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгнө.

Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзлэг илүү чанартай, хүртээмжтэй байх үүднээс энэхүү зохион байгуулалтыг хийсэн.


-Иргэдэд хийх багцын шинжилгээний үнэ ямар байх вэ?

-Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. ЭМДС-гаас урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр зохион байгуулсан. Багцын шинжилгээ ер нь 60-150 мянган төгрөгийн өртөгтэй. Насны ангиллаар хамааран багц бүр харилцан адилгүй. 


-Орон нутагт эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах вэ? Тоног төхөөрөмжийн хүртээмж хэр байна?

-Орон нутагт зохион байгуулалт хийсэн. 2021 онд эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх талд 230 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн. Үүнээс 110 тэрбум нь тоног төхөөрөмж, хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгийн чадавхыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу орон нутагт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж байгаа. 21 аймагт үе шаттай байгуулж байгаа бөгөөд одоогоор 15 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн 5-д нь байгуулаад байна. Улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд нэг цэгийн үйлчилгээ үүсгэсэн. Иргэд амбулаторийн үзлэгтэй холилдохгүйгээр тусдаа байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.


-Эрт илрүүлснээр өвчлөлийг хэдэн хувь бууруулах вэ? Тооцоо судалгаа бий юу?

-Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг хийснээр таван жилийн дараа Монгол Улсад тохиолдож буй өвчлөлийг 10-15 хувь бууруулна гэж үзэж байна. Цаашид 10 жилийн дараа гэхэд 30 орчим хувьд хүргэхийг зорьж байгаа.

Энэ удаагийн урьчдилан сэргийлэх үзлэгт хүүхдүүдийг оруулж байгаа. Амны хөндийн эрүүл мэнд дийлэнх өвчний суурь шалтгаан болдог учир амны хөндий, зан төрхийн өөрчлөлт, биеийн жин, өсөлтийн үзүүлэлтийг багтааснаараа цаашид бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой.


-Өвчлөлийг эрт илрүүлэх нь чухал. Харин эмчилгээг хэрхэн хийх вэ. Эрт илрүүлснээр ямар үр дүн хүлээж байна вэ?

-Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Иргэд эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдан ямар нэгэн эмгэг гарвал дараагийн шатлалын эмнэлэгтээ хандана. Ингэснээр эхний хоёр жилд маш их ачаалал ирнэ. ЭМДС-д мөн адил. Энэ нь цаашид урт хугацаанд үр дүн гарна.


-Бүх нийтийг хамарсан кампанит ажил үр дүн муутай гэсэн ойлголт иргэдэд бий. Тиймээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх ажлын үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд урьдчилан сэргийлэх үзлэгийг ямар нэг кампаничилсан аян байдлаар зохион байгуулж болохгүй гэж заасан байдаг. Хамгийн гол нь жилийн хугацаанд эхлүүлж буй ажил юм. Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран зохион байгуулна. Иргэн бүрийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болохыг хэвшүүлэхэд чиглэж буй юм. Манай улсад нийт өвчлөлийн статистик тоо дутагдалтай байдаг. Тиймээс иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн маш том дататай болно. Түүнчлэн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлогын алхмуудын өөрчлөлт гарна гэж үзэж байна. Улс даяар хийж байгаа учир бүсчилсэн байдлаар өвчлөлийн зураглалыг гаргаж ирнэ. Тухайн орон нутагт ямар өвчлөл зонхилж байгаа талаар дараа жилийн багцын шинжилгээг чиглүүлэх зэргээр томоохон өөрчлөлт гарна гэж тооцож байгаа.

 

Эрүүл мэндийн даатгалаар хийх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.montsame.mn/mn/read/295354 холбоосоор авах боломжтой.

Related news