Элчин сайд Б.Мандахбилэг ДАШТ-д хүч үзэх боксын эмэгтэй тамирчидтай уулзжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-02 17:15:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын эмэгтэй шигшээ баг тамирчид 2022 оны 5 сарын 8-20-нд Турк улсын Истанбул хотод болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихоор Европыг зорьсон билээ.


Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Мандахбилэг Германы “Kienbaum” олимпын бэлтгэлийн төвд зочиллоо. Тус төвд “Истанбул-2022” ДАШТ-д оролцох Монголын боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчид, Герман, Украин, Канадын эмэгтэй шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байгаа юм.


Монголоос дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга, эмчээр САУЭШТ-ийн хүний гавьяат эмч Ч.Насанбат нарын удирдлага дор 48 кг жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар дэлхийн ринг дээр өрсөлдөхөөр явсан билээ.


Элчин сайд Б.Мандахбилэг тамирчиддаа амжилт хүсч урмын сайхан үгээр мялаалга өргөсөн байна. Энэхүү олон улсын хамтарсан бэлтгэлд оролцуулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч. БТСУХ-ны Европ тив дэх албан ёсны төлөөлөгч С.Баясгалан болон Берлин хотын Цог клубын хамт олонд Монголын боксын холбооноос талархалаа илэрхийлж байна.


Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны эмэгтэйчүүдийн боксын түүх харьцангуй залуу ч Истанбул хотод 93 улсын тамирчид оролцох мэдүүлгээ өгсөн нь рекорд амжилт тогтоож байгаа аж. Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан 2,4 сая доллар бөгөөд  медальтнуудаа эрчүүдийн адил мөнгөн шагнал олгох юм байна.  Эмэгтэйчүүдийн бокс 2012 оны Лондонгийн  олимпод анх удаагаа оролцсон бол “Парис 2024” олимпын боксын тэмцээнд оролцогчдын тооны хувьд жендэрийн тэгш байдлыг хангах үүргийг ОУОХ хүлээжээ.


Ташрамд сонирхуулахад, Монголын эмэгтэй боксчдоос гавьяат тамирчин М.Нандинцэцэг ДАШТ-ий анхны медальтан юм. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон ДАШТ-ий 54 кг жинд хүрэл медаль хүртэж байв.



Related news