Казахстанд Монголын 45 бөх хүч, ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-27 11:33:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алмата хотноо 6 дугаар сарын 2-5-нд спорт бөхийн чансаа олгох Болат Турлыхановы Цомын аварга шалгаруулах тэмцээн болно.


Энэхүү тэмцээнийг Азийн бөхийн холбооны тэргүүн, олимпын хошой медальт, 1989 оны дэлхийн аварга Даулет Турлыхановын аавын нэрэмжит болгожээ. Алмата хотод сонгомол, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Ази, Африк, Европ, Пхгамерикийн 15 орны 275 тамирчин өрсөлдөнө. Чөлөөт бөхийн төрөлд Турк, Словакаас бусад нь бүгд Ази тивийн орнуудын тамирчид байгаа юм.


Тэмцээний гол од нь Ираны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Хасан Яздани (86 кг). Түүнтэй хамт Иранаас Токио олимпын медальт, дэлхийн аварга Амир Заре (125 кг), дэлхийн аварга Камран Гасемпур (92 кг) нар ирсэн. Мөн Токиогийн олимпын медальт Энэтхэгийн Рави Кумара (61 кг), Бажранг Пуния (65 кг), узбекээс Бекзод Абдурахмонов (86 кг) нарыг онцолж болно.


Монгол Улсаас ДАШТ-ий медальт Т.Тулга,  М.Лхагвагэрэл нарын тэргүүтэй эрэгтэй 25, Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ний 3 хүрэл медальт Б.Шоовдор тэргүүтэй эмэгтэй 20 бөх хүчээ сорин оролцох юм.

Related news