Боловсролын сэтгэл зүйч бэлтгэн ажиллуулах тогтолцоог эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-27 16:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ хичээлийн жилээс эхлэн анх удаа боловсролын сэтгэл зүйчдийг бэлтгэн, ЕБС-уудад ажиллуулж байна. Энэ үйл ажиллагааны эхний үр дүнг өнөөдөр нийслэлийн лаборатори сургууль “Эрдмийн өргөө” цогцолборт танилцууллаа. Танилцуулгыг “Тогтвортой хөгжлийн боловсрол-IIтөслийн зорилтот ЕБС-иудын хамтын ажиллагаа-санаачилга” сэдэвт туршлага солилцох, харилцан суралцах өдөрлөгөөр хэлэлцэв.

Энэ талаар сэтгэл зүйчдийг бэлтгэх төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайханаас тодруулав.




-ЕБС-иудад сэтгэлзүйч ажиллуулах үйл ажиллагааг яагаад дэмжин санхүүжүүлэх болов?

-Ковидын цар тахлын өмнөх үеэс эхлэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдаж ирсэн. Үүнийг бид цар тахлын хүнд үед бүр сайн харж ойлголоо гэж бодож байна. Энэ бол иргэн бүрийн, нийгмийн, тэр дундаа хүүхдүүд, өсвөр насныхны, зөвхөн Монгол гэлтгүй, дэлхий нийтийн асуудал юм. Гэтэл энд ач холбогдол өгөн ажиллаж буй байгууллага, улс орон ховор байна. Нийгэмд олон нийтийн сэтгэлзүйн таатай байдлыг хангах учиртай, үүнд төр, засгаас аваад олон нийт анхаарч ажиллах учиртай юм.

Энэ ажил сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан багш нар, эцэг эхээр зогсохгүй олон нийтийн асуудал болон хувирч байна. Үүнийг улс орны баялаг болсон хүүхдүүдээс эхэлж байна. Хүн амын баялаг болсон хүүхэд залуучуудын сэтгэл зүйг анхнаас усалж тордон хайрлаж хамгаалах үүднээс бид сэтгэл зүйчдыг бэлтгэх сургалтын тогтолцоог дэмжин 30 сургууль дээр сэтгэл зүйч нарыг ажиллуулж байна. Эхний үр дүнг өнөөдөр хэлэлцэж байна. Энд юу харагдаж байна гэхээр нийслэл, орон нутаг, эцэг, эх, олон нийтэд сэтгэл зүйч нар шаардлагатай, нэн хэрэгцээтэй байна.




-Тогтортой хөгжлийн боловсролын хүрээнд сэтгэл зүйч нарыг хэрхэн яаж бэлтгэж байна вэ?

-Сэтгэл зүйчдийг бэлтгэх үйл ажиллагааг бид тэднийг мэргэшүүлэх сургалтаар боловсролын болон мэргэжлийн байгууллага болох Сэтгэл зүйн нийгэмлэг зэрэг бусад газруудтай хамтран дэмжин ажиллаж байна. Өнөөдөр манайд боловсролын сэтгэл зүйч гээд мэргэжил байгаа хэр нь энэ мэргэжлээр бэлтгэдэг тогтолцоо нь арай болоогүй байгаа нь харагдаж байна. Энэ тал дээр жишээ нь, 75 сэтгэл зүйчийг богино хугацаанд сургаж бэлдээд ЕБС-иудад ажиллуулахдаа бус, улсын түвшинд, төрийн түвшинд салбарын яам нэлээд тогтвортой авч явах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ боловсролын асуудал нь дахин хэлэхэд олон нийтийн сэтгэцийн, нийгмийн эрүүл мэндтэй холбоотой юм.


Ийм тогтолцоотой болох ажлыг бид эхлүүлж байна. Ийм тогтолцоог ерөнхий боловсролын нийт сургуульд нэвтрүүлэх амлалтыг БШУЯ-ны удирдлага өгөөд байгаа. Энэ амлалтаа биелүүлэх цаг нь ирээд байна. Энэ талаар 30 сургууль дээр ажиллаж буй сэтгэл зүйч нарын гаргасан үйл ажиллагааны тайлан байна. Үүнтэй танилцаж болно. Мөн энэ талаар гаргасан зөвлөмж байна. Мөн бид удахгүй үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна гэв.


Өнөөдрийн байдлаар нийслэлд боловсролын чиглэлээр мэргэшсэн 151 сэтгэлзүйч бэлтгэгдэн ЕБС-иудад ажиллаж байна.




Ковидын цар тахлын нөхцөлөөс сургуульдаа ирсэн хүүхдүүд сурлагын гэхээсээ илүү сэтгэлгээний хоцрогдолд их орсон ирж байсныг нийслэлийн 122 дугаар дунд сургуулийн захирал А.Цэцэгсүрэн өнөөдрийн өдөрлөгийн үеэр хэлж байлаа. Тиймээс хүүхдүүдтэй биечлэн уулзаж, сэтгэлгээний хоцрогдлоос гаргахад нэлээн хүч тавин ажиллаж, цаг хугацаа шаардаж буйг хэллээ. Энд сэтгэл зүйч нар маш их хэрэгтэй байгааг өгүүлж байв. Сурагч хүүхдүүд сэтгэл зүйн хоцрогдолд ордог дараагийн гол шалтгаанууд нь үе тэнгийнхний гадуурхалт, үүнээс үүдэлтэй ганцаардалт, мөн гэр бүлийн салалтаас болж хүүхдүүд сэтгэл зүйн гутралд ордог байна.  


Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 64 сургууль анх удаа мэргэшсэн сэтгэлзүйчтэй ажиллажээ.


 



БШУЯ-наас батлан хэрэгжүүлж байгаа “ЕБС-ийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд сурагч, багш, эцэг эх, сургуулийн хэрэгцээг тодорхойлж, эргэн холбогдох сэтгэл зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд сурагч, багш, эцэг эхчүүдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн сэтгэл зүйчдийг бэлтгэх санаачилгыг Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн хүрээнд гаргаж, загвар 30 сургуульд энэ хичээлийн жилд туршин хэрэгжүүлж байна.




Улсын хэмжээнд бүх ЕБС-дад мэргэшсэн сэтгэл зүйч ажилладаг тогтолцоог бий болгох зорилгоор БШУЯ-ны удирдлага дор төслийн үндэсний түшиц байгууллага болох Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, олон нийтийн “Бадамлин” байгууллага зэрэг төрийн болон ТББ-ууд хамтран ажиллаж, 2021-2022 оны хичээлийн жилд тодорхой үр дүнд хүрээд байна.

Төслийг зорилтот болгон Архангай, Булган, Хэнтий, Хөвсгөл, Ховд зэрэг 5 аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 64 мэргэжилтэн “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөж ажиллаж байна.




 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Related news