"Гэрэл зургийн мастер” цол, тэмдгийг Н.Бат-Эрдэнэ, С.Бадамханд нар хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-27 16:12:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зургийн салбарын дээд шагнал болох “Мастер” цол, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.


МГЗНХ-ноос энэхүү цол, тэмдгийг хоёр жилд нэг удаа гардуулдаг бөгөөд өндөр шалгуур тавьдаг. Энэ жилийн тухайд 2022 оны 3 дугаар сарын 22-ноос нэг сарын хугацаанд МГЗНХ-нд материал хүлээн авснаас есөн шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, С.Бадамханд нарт “Мастер” цолны цом, тэмдэг, мөнгөн шагнал гардуулав.


Гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ 1990 оноос гэрэл зургийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан нэгэн. Түүний хэвлэн нийтлүүлсэн гэрэл зургийн цомгууд нь Монгол орноо олон улсад сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Харин гэрэл зурагчин С.Бадамханд гадаадад мэргэжил эзэмшсэн /1985 оноос гэрэл зургийн салбарт ажиллаж эхэлсэн/ цөөхөн мэргэжлийн гэрэл зурагчдын нэг бөгөөд олон арван шавь төрүүлсэн гавьяатай. Хамгийн сүлд тэрбээр 2021 онд Япон улсын "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д монгол сурагчдаа бэлтгэн орж, тэргүүн байр эзэлж, энэ амжилтаараа эдгээр сурагч “Оны онцлох хүүхэд-2021”-ээр шалгарч, Ерөнхий сайдаас шагнал хүртсэн юм. Түүнчлэн С.Бадамхандын хэвлүүлсэн “Дулаан гар” гэрэл зургийн цомог нь орчин үеийн гэрэл зургийн салбарт шинэ өнгө аяс нэмсэн гэж үнэлэгддэг билээ.


Ташрамд дурдахад, Монголын гэрэл зургийн "Мастер" цолыг өмнө нь байгалийн гэрэл зурагчин Д.Октябръ, олимпын тодотголтой гэрэл зурагчин Ч.Ганбат, В.Баттулга, Б.Батцэрэн нар хүртжээ.

 

 

Related news