“Ойр дотно Монгол, Польш” өдөрлөгөөр соёл, ёс заншлаа сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-30 09:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Польш улсын найрамдалт харилцааг болон Монголчуудын урлаг, соёл, ёс уламжлалыг сурталчилсан “Ойр дотно Монгол, Польш. Монголын өдөрлөг 2022”-ийг Польшийн Скерневице хотод энэ сарын 28-нд Варшав дахь Монгол Улсын ЭСЯ польш анд нөхдийнхөө дэмжлэгтэй хамтран зохион байгуулав.

 

БНПУ-ын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевска, БНПУ-ын Шадар сайд болоод Соёлын Сайд Пиотр Глиньски нар Монголын өдөрлөгийг ивээн тэтгэж,  Польшийн тал арга зардлыг хэсэгчлэн санхүүжүүлсэн байна.

 

Монгол наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сур болон шагайн харвааны тэмцээн зохион байгуулж, хүүхдийн модон морьтой уралдаан, зураг, шатрын тэмцээн, монгол хувцасны загвар үзүүлбэр, монголчуудын парад, үзэсгэлэн худалдаа, монгол хоолны үйлчилгээ, монголчуудын үдэшлэг зэргийг зохион байгуулав.

 

Өдөрлөгийн үеэр Скерневицегийн Түүхийн музейд гарсан уран зураач Эршүүгийн Отгонбаярын уран бүтээлийн үзэсгэлэнг гаргасан байв. Монголын сонгодог уран зураг, орчин үеийн уран зургийн хэв шинжийг хослуулсан түүний өвөрмөц бүтээлүүд Польшийн үзэгчдэд ихэд таалагдсан бөгөөд түүний уран бүтээлийн катaлогийг хэвлэн гаргажээ.

Монголын үндэсний урлагийн “Хөх Монгол” хамтлаг монгол дуу хөгжим, бүжиг, уран нугаралтын тоглолт толилуулав. Мөн Польш дахь монголчуудын “Монгол аялгуу” хамтлаг ая дуугаа өргөлөө.

Түүнчлэн Майкл Конны “Говийн лам” ном польш хэлээр орчуулж номын албан ёсны нээлт болсноос гадна Монголын уламжлалт анагаах ухааны лекц, танилцуулга, Катажина Цессакийн “Ойр дотно Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав. Мөн Польшийн Геологийн хүрээлэнгээс Монголоос олсон эрдэс чулуулгуудаа дэлгэн үзүүлэв.

 

Монгол Улсын ЭСЯ наадмын талбайд монгол гэр барьж, хүндэт зочдыг гэрт тусгайлан хүлээж авч уулзсан бөгөөд Скерневице хотын иргэд наадмын талбайд барьсан гэр, майхнуудаар орж Монгол соёл, ёс заншилтай танилцаж, Монгол хоол, хүнсээр дайлуулав. Монголын АПУ компани дэмжин оролцсон бөгөөд тус компани Польшийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн байна.

 

Өдөрлөгийн үеэр монголчуудыг польшуудад танилцуулах төдийгүй, польшуудыг ч хооронд нь танилцуулж байгааг Монгол Улсаас Польш улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж онцлон тэмдэглэв. Польшийн баруун өмнөд нутгаас Легницке поле гминий төлөөлөгчид, зүүн хязгаараас татаарын Крушианыны тосгоны төлөөлөгчид, төв хэсгийн Ленчица орчмоос хүмүүс Элчин сайдын урилгаар тус тус хүрэлцэн ирсэн. Монголын түүхтэй ямар нэг байдлаар учир холбогдолтой газар нутгийн эдгээр хүмүүс манай улсын түүх, соёлыг Польшид сурталчлах, хоёр ард түмний улам ойртуулан танилцуулахад их үүрэг гүйцэтгэж чадна гэж үзэж байна. Ирэх 6, 7 дугаар сард эдгээр газарт манай улсын ЭСЯ-ны зарим дэмжлэгтэй томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Варшав дахь Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.











Related news