Такэшима арлуудын бүсэд судалгаа хийхээ зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-31 14:18:04

ТОКИО. /TASS/. БНСУ газар нутгийн маргаантай байгаа Такэшима /Токто/ арлуудын бүсэд судалгааны үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан Японы Засгийн газар эсэргүүцлээ илэрхийлжээ. 


Энэ тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


"Манай эдийн засгийн онцгой бүсийн дотор урьдчилан зөвшилцөлгүйгээр шинжлэх ухааны судалгаа хийж буйтай холбогдуулан эрс эсэргүүцэж байгаагаа бид дахин илэрхийлж, хүлээн зөвшөөрөх боломгүй энэхүү үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэдгийг мэдэгдсэн" гэж тэрбээр хэлжээ.


Японы талын мэдээлж буйгаар, Өмнөд Солонгосын хөлөг онгоц Такэшима арлуудын бүсэд хоёр өдрийн турш байсан бөгөөд усан доор зураг авснаас гадна бусад судалгааг хийсэн бололтой.


Такэшима нь өмнөд солонгосчуудын Зүүн тэнгис гэж нэрлэдэг Япон тэнгисийн баруун хэсэгт оршдог, 0.188 хавтгай дөрвөлжин км талбай бүхий жижиг бүлэг арал юм. Хүн оршин суудаггүй энэ арал 1945 онд Солонгос Японы колоничлолоос чөлөөлөгдсөний дараа олон улсын маргааны сэдэв болжээ. Одоо тус арал нь жижиг гарнизоноо байрлуулдаг БНСУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байдаг аж.


1905 онд Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон энэ газар нутгийг БНСУ хууль бусаар эзлэн авсан гэж Токио мэдэгддэг бол БНСУ, БНАСАУ-ын эрх баригчид Токто арал нь түүхийн хувьд үргэлж Солонгос улсын бүрэлдэхүүнд байсаар ирсэн гэж мэдэгддэг байна.


 


Related news