Д.Баттулга: Монголын тамирчид хэвтээ шахалтын төрөлд дэлхийд чансаагаар гуравт эрэмбэлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-31 15:16:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төв ордонд өнөөдөр пауэрлифтингийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчид болон дэлхийн дээд амжилт тогтоосон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга нар хэвлэлийн бага хурал хийж тус тэмцээнд хэрхэн оролцсон талаар танилцууллаа.


Хурлын эхэнд тус ДАШТ-д шүүгч, дасгалжуулагчаар ажилласан Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ДАШТ-д гавьяат дасгалжуулагч Д.Баттулга тэмцээн болон баг тамирчдын амжилтын талаар ярьж сонирхуулсан юм.


Тэрбээр: “Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэлтэй /Equipped/ болон Классик гэсэн 2 төрөлд Монголоос нийт 38 тамирчин Казахстаны Алмата хотыг зорьсон. Үүнээс хэрэглэлтэй төрөлд бүх насны /өсвөр, насанд хүрэгчид, мастер/ ангилалд 19 тамирчин өрсөлдсөн. Харин классик төрөлд 17 тамирчин хүчээ сорьж, 1 тамирчин мөрний гэмтлээс болоод оролцож чадсангүй. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны 600 гаруй тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээн Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/-ны 50 жилийн түүхт ойн нэрэмжит болсноороо онцлогтой байв. Манай баг тамирчид шилдэг өргөгчид болж нийтдээ 7 цомтой, 10 алт, 8 мөнгө, 5 хүрэл медальтай ирлээ, бас дэлхийн рекорд амжилтыг тогтоолоо.


Та бүхэнд багийн тамирчдаа танилцуулахад, "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг 8 кг-аар ахиуллаа.


Казахстаны Алмата хотод ОУПХ /IPF/-ны хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ.


ОУХМ Ц.Баярхүү хэрэглэлтэй /Equipped/ төрөлд Мастер-2 ангилалд -120 кг -д 220 кг шахаж хүрэл медаль авлаа. Түүний мөрний гэмтэл сэдрээд классик төрөлдөө орж чадалгүй тэмцээнээ дуусгасан.

Өмнөговийн “Энержи ресурс” компанийн тамирчин ОУХМ Г.Оргилболд сlassic хэвтээ шахалтын Насанд хүрэгчдийн -93 кг-д 227.5 кг шахаж алтан медаль авлаа.


Сlassic хэвтээ шахалтын M2 ангилалд -105 кг-д ОУХМ И.Тэсхүү хэрэглэлтэй, хэрэглэлгүй 2 төрлөөс хос алтан медаль хүртсэн. Спортын мастер Э.Сүхбат  хэрэглэлтэй /Equipped / М1 төрлийн -105 кг-д 272.5 кг-аар Дэлхийн аварга болсон.

Эрдэнэтээс ахмад тамирчин Дэлхийн хошой аварга /70-аас дээш нас/ Ш.Пэрэнлэй Хэрэглэлтэй /Equipped / М4 ангилалд алт, мөнгөн медалийн эзэн боллоо. Булганы ахмад тамирчин Ш.Батэрдэнэ Classic хэвтээ шахалтын М3 ангиллын /60-69 нас/ -83 кг-д 2 мөнгөн медаль хүртлээ.


Хэрэглэлтэй /Equipped/ насанд хүрэгчидийн -93 кг д ОУХМ Б.Гансүх 272.5 кг шахаж хэвтээ шахалтын дэлхийн аваргын хүрэл медаль авлаа. Спортын мастер Д.Мөнхтуул М1 төрлийн 40-49 насны ангиллын 83 кг-д түрүүлж, алтан медаль хүртлээ.


Хөвсгөл аймгаас оролцсон Ази тивийн аварга Ц.Отгондалай сlassic хэвтээ шахалтын төрөлд /М1/ -93 кг д 205 кг шахаж алтан медаль хүртсэн. Анх удаа ДАШТ-д оролцсон Өмнөговийн тамирчин Цэрэнтогтох насанд хүрэгчдийн -105 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж мөнгөн медаль хүртлээ. Д.Анхбаяр М1 +120 кг-д сlassic хэвтээ шахалтын төрөлд 217.5 кг шахаж хүнд жингийн Монголын анхны алтан медаль авлаа.


Өсвөрийн хэрэглэлтэй төрөлд Б.Содбаатар  -83 кг-д мөнгөн медаль хүртлээ. Мөн Б.Эрхэмжаргал хэвтээ шахалт төрөлд -93 кг-д хос медалийн эзэн боллоо. Зарим тамирчид маань энд ирж амжсангүй. Тухайлбал, Classic төрөлд /M1/ Х.Баттөмөр 197.5 кг шахаж мөнгө, /40-49/ насны ангилалд 66 кг-д СМ Б.Одон хүрэл, залуучуудын  хэрэглэлтэй -59 кг-д Л.Отгон-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Хэрэглэлтэй М1 ангилалд СМ А.Отгонбаяр /Equipped/ -120 кг-д 275 кг шахаж Дэлхийн аваргын хошой мөнгө медальтан боллоо. Дэлхийн хошой аварга, ОУХМ Б.Чимэдцэрэн -120 кг-д алтан медаль хүртсэн” гэлээ.


Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа тамирчин болон дасгалжуулагчаас хариулт авсаныг та бүхэнд тоймлон толилуулж байна.



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ:


-Би өмнө нь 105 кг жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан . Энэ удаа -120 кг жинд өрсөлдөөд дэлхийн дээд амжилтыг 8 кг-аар ахиулж 260 кг-ыг шахаж өргөсөндөө маш баяртай байна. Дараагийн тэмцээн маань 6 дугаар сарын 12-нд БНСУ-д болох пара пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн байгаа. Энэ тэмцээн нь “Парис-2024” паралимпын өмнө заавал оролцох ёстой тэмцээн юм.


Миний хувьд, Олон улсын пауэрлифтингийн холбоо /IPF/-ны буюу энгийн төрлийн ДАШТ-ий 2 алт, нэг мөнгөн, пара пауэрлифтингийн ДАШТ-ий 1 алт, 2 мөнгөн медальтай байна. Дэлхийн рекорд буюу дээд амжилтыг нийтдээ 9 удаа шинэчлээд, энгийн болон пара гэсэн энэ 2 төрөлд дээд амжилтыг эзэмшиж байгаадаа туйлын баяртай байна.


“Энэ  ДАШТ-д гавьяат дасгалжуулагч Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, миний багш Д.Баттулга Монгол Улсаа төлөөлж анх удаа шүүгчээр ажилласанд их баяртай байна” гэв.




Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн Д.Баттулга:


-Монголын тамирчид хэвтээ шахалтын төрөлд дэлхийд эхний гуравт байгаа. Бид дэлхийн түвшний штанг хэрэгсэл дээр бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Пауэрлифтингийн үндэсний шигшээ баг байгуулагдсан бөгөөд 2 дасгалжуулагч, тамирчнаар Э.Содномпилжээ болон бэлтгэл хангагч 1 тамирчин гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилт болон тэмцээнд оролцох бүх зардлыг шигшээ багаас гаргаж байгаа. Энэ бол маш сайхан боломж юм. Төр засгаас ийнхүү дэмжлэг үзүүлж байна. Харин спорт холбоод, тамирчид бид юу чаддагаа, ямар амжилт гаргахаа харуулж байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бидэнд бэлтгэл сургуулилтаар хангах заал гаргаж өгөхөөр болсон. Энэ ажлыг БТСУХ-ноос болон дарга Ц.Шаравжамц биечлэн гүйцэтгэж Спорт сургалтын төвийн байранд бэлтгэл сургуулилалтын заал танхим гаргаж өглөө. Үүнийг нь бид засаж тохижуулаад 6 дугаар сарын 10-наас энд сургуулилтаа хийж эхэлнэ.





Related news