Франц улс Монголын багийн спортыг хөгжүүлэхэд дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-02 08:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцыг хүлээн авч /2022.05.31/ уулзав. 


Уулзалтаар хоёр тал “Парис-2024” зуны олимп болон паралимпын наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай оролцуулах зорилгын хүрээнд Франц улсын гурван хоттой хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Үндэсний шигшээ багийн зарим төрлөөр хамтарсан бэлтгэл зохион байгуулахаар болж байна. Бэлтгэл сургуулилтыг олимпын наадмын өмнө Франц улсын бэлтгэлийн төвүүд дээр зохион байгуулах юм.


Элчин сайд Сэбастиен Сүрүн, Франц улсын Спортын яам болон бусад төрийн байгууллагатай хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бөгөөд багийн спортын төрөл болох сагсан бөмбөг, регбигийн төрлийг манай улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн онцлож байв. Үүнээс гадна эмэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг спорт руу татан оруулахад дэмжлэг үзүүлж, цаашид хоёр орны хамтын ажиллагааг илүү өндөр төвшинд гаргахад спортоор дамжуулан бүх л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв.

Related news