Япон, АНУ “АСЕАН”-ы талаарх стратегийн яриа хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-06-02 14:12:57

ТОКИО. /Kyodo/. Япон, АНУ Зүүн Өмнөд Азийн орнуудын хэргийн талаарх стратегийн анхны яриа хэлэлцээгээ хийжээ. Энэхүү хэлэлцээг Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буй бүс нутагт бодлогоо уялдуулах зорилтынхоо хүрээнд хийсэн байна. 


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн долоо хоногт Токио хотноо уулзах үеэрээ Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоотой /АСЕАН/ харилцаагаа сайжруулах талаар тохиролцсоны дараа хоёр орны Засгийн газрын өндөр албан тушаалтнууд цахимаар уулзсан байна.


Лхагва гарагт болсон уулзалтад Японы Гадаад хэргийн яамны Зүүн Өмнөд, Баруун Өмнөд Азийн асуудал хариуцсан хэлтсийн ерөнхий захирал Кано Такэхиро, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дэд дарга Дэниел Критенбринк нар оролцжээ.


Хятад улс Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх хийгээд Энэтхэг-Номхон далайн бүс дэх бусад газрын статус-квог хүчээр өөрчлөхийг оролдож байгаа бололтой байгаатай холбогдуулан хоёр холбоотон орон “АСЕАН”-ы гишүүн орнуудыг АНУ-ын тэргүүлсэн чөлөөт, ардчилсан орнуудын бүлэгт хэрхэн ойртуулахад голчлон анхаарал хандуулсан байна.


“Зүүн Өмнөд Ази нь чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг цогцлооход чухал ач холбогдолтой” гэдгийг Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Оно Хикарико цахим хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Энэ талаар АНУ-тай стратегийн яриа хэлэлцээ хийх нь “туйлын чухал” гэдгийг тэрбээр онцолсон байна. 

Related news