Японы хүүхдийг ивээх сангаас 15 багт 36.0 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-03 18:31:33

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн алслагдсан сумдын хүүхэд, залуус орон нутагтаа тулгамдаж буй, мөн хэрэгжих боломжтой шинэ санаагаа төслөөр хэрэгжүүлэх боломж бий. Японы хүүхдийг ивээх сангаас зорилтот сумдын 14-25 насны хүүхэд, залуу үеийг сургалтад хамруулсны үндсэн дээр төслийн уралдаан зарлаж, шаардлага хангасан төсөлд буцалтгүй тэтгэлэг олгожээ. 

Тодруулбал, Японы хүүхдийг ивээх сангаас Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Зэрэг, Мөст, Манхан гэсэн зорилтот суманд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, интерпренершип боловсрол олгох төсөл” хэрэгжүүлж байна.  

Зорилтот зургаан суманд гурван удаагийн сургалт зохион байгуулж нийт 900 орчим хүүхэд залуу үеийг оролцуулсан байна. 2019-2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төслөөс одоогоор дээрх сумдын сургуулийн 60 гаруй сурагчаас бүрдсэн 15 багт 36.0 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.   

Сурагчид өөрсдийн санаачилгаар орон нутагтаа хэрэгжих боломжтой мөн хамгийн эрэлттэй асуудлыг хөндөн шаардлагад нийцүүлж төсөл бичдэг байна. Энэ нь амьдрах ухаанд суралцах, ирээдүйгээ тодорхойлж өөрийгөө хөгжүүлэх боломж нээж байгааг хөдөөгийн сургуулийн багш нар хэлж байв.

Хүүхдийг ивээх сангаас дээрх төслийн хүрээнд сургуульд суурилсан интрепрайзыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Зэрэг сумын сургуулийн багш, ажилтнууд  “Эко хүнс” гэх  төсөл бичиж 90.0 сая төгрөгийн тэтгэлэг авчээ.

Төслөөр нэг га талбайд жимсний мод, төмс хүнсний ногоо тариалах, хүлэмжид нарийн ногоо тариалж өөрсдийн хэрэгцээг хангахаар төлөвлөөд байна гэж  албаныхан мэдээллээ.   



 

Related news