Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-06 15:24:44

ЛОНДОН. /Sunday Times/. Консерватив намын дарга, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх үйл явцыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 6-ны даваа гарагт эхлүүлж магадгүй талаар “ITV” телевизийн редактор Пол Бренд твиттер хуудсандаа мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, холбогдох мэдэгдлийг засгийн газарт ороогүй Консерватив намын жирийн депутатуудыг нэгтгэдэг 1922 хорооны тэргүүн Грэм Брейди хийх төлөвтэй байна. Хэрэв Консерватив намаас парламентад сонгогдсон 54-өөс дээш гишүүн удирдагчаа огцрохыг албан ёсоор шаардсан тохиолдолд итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлнэ. “Sunday Times” сонинд урьд нь бичсэнээр парламентын 67 гишүүн Жонсоныг огцрохыг дэмжиж буйгаа хэзээний илэрхийлсэн байна.


“Консерватив намын “босогчид” Грэм Брейдиг даваа гаргийн өглөө мэдэгдэл хийж, Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулна гэдгийг мэдэгдэнэ гэж хүлээж байна” гэж  "ITV" сувгийн сэтгүүлч бичжээ. Түүний мэдээлснээр, санал хураалтыг энэ долоо хоногт явуулж магадгүй байна. “Энэ тохиолдолд консерватив депутатуудын нууц санал хураалт хэдхэн хоногийн дараа болно” гэж Пол Бренд мэдээлжээ. Өмнө нь санал хураалт явуулах өдрийг зургаадугаар сарын 8 гэж мэдээлж байсан байна.


Хэрэв санал хураалтыг явуулбал Борис Жонсонд дор хаяж нэг жилийн хугацаанд ийм демарш давтагдахаас хамгаалагдахад энгийн олонхын санал (180 ба түүнээс дээш) шаардлагатай. “Sunday Times” сонинд бичиж буйгаар, одоогийн байдлаар нөхцөл байдал Жонсоны талд биш байна. Эрх баригч намын 190 орчим парламентын гишүүн даргаа огцруулахын төлөө санал өгч магадгүй гэж сонинд консерватив намаас парламентад сонгогдсон гишүүдийн нэгнийх нь тооцоолсноос эш татан бичжээ. Их Британийн Засгийн газрын тэргүүн ялагдсан тохиолдолд тус нам шинэ удирдлагаа сонгох бөгөөд энэ нь гурван сар үргэлжилнэ.


Борис Жонсон 2020-2021 онд ковидын хатуу хөл хорионы үеэр Даунинг-стрит дэх оффистоо үдэшлэг зохион байгуулсан нь илэрч огцрох дээрээ тулсан юм. Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан Сью Грэйгийн явуулсан дотоод шалгалтын дараа намын гишүүдийн дунд Ерөнхий сайддаа дургүйцэх байдал улам бүр нэмэгдсэн байна. Тавдугаар сарын сүүлчээр нийтэлсэн тайландаа Грэй "дээд удирдлага энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж дүгнэжээ.


Борис Жонсон үдэшлэгт оролцсоныхоо төлөө торгууль төлж, ард иргэд, хамтран зүтгэгчдээсээ уучлалт хүссэн боловч сөрөг хүчнийхний шаардлагыг биелүүлж огцрохоос татгалзсан байна. Украины мөргөлдөөн ид дундаа байгаа энэ үед албан тушаалаасаа огцрох нь түүний хувьд хариуцлагагүй үйлдэл болно гэж тэрбээр мэдэгджээ.




 


Related news