Дээрхийн гэгээнтэн XIV далай ламын амьдрал, үйл хэргийг харуулсан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-06-07 13:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон Монгол орны нийт бурхан шашны сүм хийд, ТББ-ууд “Энэрэл хайр түгээе” уриан дор нэгдэн Бурхан багшийн их дүйчин өдрийг 6 дугаар сарын 14-нд тэмдэглэнэ.

Эл өдрийг угтан Гандантэгчэнлин хийд Дилав хутагт сантай хамтран Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын дөрвөн үндсэн үүргийг толилуулсан “Даян дэлхийн энэрэл хайр” гэрэл зургийн үзэсгэлэнг нийтийн хүртээл болголоо.

Үзэсгэлэнг нээж “Дээрхийн гэгээнтэн өөрийгөө энгийн нэг хувраг хүн гэдэг ч үнэндээ тэр бол ер бусын нэгэн юм” гэж Далай ламын бие төлөөлөгч Дилав хутагт Данзанламэд онцлов.

Үзэсгэлэнд Дээрхийн гэгээнтний дөрвөн үндсэн үүргийг харуулахаас гадна Дэлхийн нийтэд энэрэл хайр, ёс суртахууныг түгээж буй ажлууд мөн анх Монголд айлчлах үед авсан гэрэл зургуудыг дэлгэжээ.


Дээрхийн гэгээнтэн хүн төрөлхтөнд хандсан уриалгадаа хүн бүр сэтгэл хөдлөлөө анзаарч, түүнийгээ хэрхэн илэрхийлэх талаар хариуцлагатай байх учиртайг сануулан, зөвлөж байгаа билээ. Энэрэн нигүүлсэхүйд суурилсан ёс зүйн нь бидний хувьд бүх харилцаанд шаардагдах ёс зүйн хэм хэмжүүр, зүг чигийг заагч “Алтангадас” болно” хэмээн айлдсан юм. Иймдээ ч миний шашин бол их энгийн, тэр нь энэрэл хайр юм гэжээ.

Нээлтийн үеэр Гандантэгчэнлин хийдийн лам нар ном хурсан юм. Үзэсгэлэн долоодугаар сарын 6-ныг хүртэл Батцагаан дуганд олны хүртээл болно.











Related news